Итали, Монголын 800 жилийн тэртээх харилцааг улам гүнзгийрүүлэх боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-21 13:03:41

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаад нь Сенатын танхимын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад БНИУ-ын талаас өндөр ач холбогдол өгч оролцож байгаад талархал илэрхийлэв. Мөн "800 жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Италийн иргэн Марко Поло Их Монгол Улсын хаан Хубилайн ордонд 20 гаруй жил амьдарч, Торгоны замын дагуу худалдаа, арилжаа хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 800 жилийн өмнө манай хоёр орон  хамтран, идэвхтэй ажиллаж байсан бөгөөд цаашид бид харилцааны түвшингээ тэр үеийнхээс ахиулах боломж байгаа. Тухайлбал, манай хоёр орон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүд. Энэ хүрээнд Ази, Европ хоорондын харилцаа илүү ойртон нягтарших юм. Мөн Монголын түүхий ноолуур болон Италийн ноолуур боловсруулах технологийг нэгтгэх зэргээр харилцан нэгнийгээ нөхөж, хамтран ажиллах боломж их бий" гэв. 

УИХ-ын дарга З.Энхболд мөн уулзалтын үеэр УИХ-ын дэргэд Монгол-Италийн парламентын бүлэг үйл ажиллагаа явуулж, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж даргалдгийг хэлээд, БНИУ-ын парламентын Сенатын танхимд үүнтэй адил бүлэг байгуулагдвал парламентын түвшний харилцаа хөгжиж, хамтын ажиллагаа өргөжих боломжтойг тэмдэглэн хэлсэн юм. 

БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж, элэгсэг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд, Итали Улсад зохион байгуулагдсан АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын буухиаг Монгол Улсын Их Хуралд албан ёсоор дамжуулан өгөхөөр хүрэлцэн ирлээ гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНИУ-ын Элчин сайдын яамыг Монгол Улсад байгуулах ажилтай танилцах зэрэг  чухал зорилготой ирснийг онцоллоо. Монгол Улс, БНИУ-ын харилцаа, хамтын ажиллагаа нь олон жилийн түүхэн уламжлалтай бөгөөд Итали, Монгол хоёр орны 800 жилийн өмнөх дипломат харилцааны тэрхүү түвшинг өнөөдөр сэргээх, түүнээс илүү гүнзгий харилцааг тогтоох боломж бий гэдэгт итгэдэг. Манай хоёр орон 800 жилийн өмнө “Торгоны зам”-ыг бодитоор ажил хэрэг болгож байсан шиг боломжууд өнөөдөр олон байгаа гэдгийг БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо онцлон тэмдэглэлээ.

Мөн "БНИУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад Элчин сайдын яам байгуулах зарлиг гарган, энэ үүргийг туршлагатай дипломат ажилтан гүйцэтгэх болсон нь манай талаас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагийн бодит илрэл мөн. Маргааш болох Ази Епропын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ чиглэлийг нээнэ хэмээн найдаж байна" гэлээ. 

Парламентын түвшний харилцааны хүрээнд цаашид Монгол Улс, БНИУ-ын хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо. 

Үүний дараа Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын дэд дарга М.Энхболд ноён Пьетро Грассо-гийн айлчлалд амжилт хүсч, баяр хүргэсэн юм. 

Дараа нь Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости