Э.Энхсайхан Монголын биатлоны түүхэн амжилт үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-14 11:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын биатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарч Монголын цанын спортын биатлоны төрөлд гаргасан түүхэн амжилт үзүүллээ хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.


Түүний уралдсан эрэгтэйчүүдийн 12.5 км зайд 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар олимпын аварга болжээ.


Харин эмэгтэйчүүдийн 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн  46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт орсон байна.


Ийнхүү Залуучуудын өвлийн олимпын биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд шилдгүүдээ шалгаруулав. Биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн төрлүүд өнөөдөр /01.14/ Улаанбаатар хотын цагаар 17:30 цагт явагдах бөгөөд MNB Sport сувгаар шууд дамжуулах юм.


Ташрамд сонирхуулахад, Монгол Улс цанын спортын биатлоны төрлөөр өвлийн олимпын наадамд оролцсон түүхийг сөхвөл, 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-нд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпын IX наадамд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Т.Лхамсүрэн нар анх удаа оролцсон. Түүнээс хойш Гренобль-1968 өвлийн олимпын X наадамд биатлоны төрлөөр Б.Дамдинжав, Б.Дашгай нар оролцож байсан юм. 

Связанные новости