АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга З.Энхболд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭАзи, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Улаанбаатар хотноо өнөөдөр эхлэх Ази, Европын парламентын түншлэлийн /АЕПТ/ 9 дүгээр уулзалтын Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээнэ.
АСЕМ-ын гишүүн орнуудын хууль тогтоогчдын харилцан уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх, улс орныхоо нийгэм эдийн засаг соёл ахуйн хүрээнд санал солилцол чиглэлээ тодорхойлон Засгийн газартаа үүрэг олгох хүрээнд АЕПТ- ийн уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Тухайн орны хууль тогтоох төв байгууллага нь төрийн эрх барих дээд байгууллага нь байдаг учир АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын салхийг хагалж АЕПТ-ийн уулзалтыг зохион байгуулдаг юм. Энэ удаад АЕПТ-ийн уулзалт 9 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд 8 дахь удаагийн уулзалт Италийн Милан хотноо болж, Ерөнхийлөгчийн үүргийг БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо хүлээж байсан. Харин Монгол Улсад болох 9 дэх удаагийн уулзалтын Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга З.Энхболд ажиллаж, хурлын дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг даргалан явуулах юм.
Маргааш өглөө 09.00 цагаас Төрийн ордны Их танхимд нээлтээ хийх энэ удаагийн уулзалтын ерөнхий сэдэв нь “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” байх бөгөөд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан явагдана.
Салбар хуралдаанаас гарсан дүгнэлтийг Нэгдсэн хуралдаанд танилцуулж, төгсгөлд нь “Тунхаглал” батлах юм. Энэхүү “Тунхаглал”-д АЕПТ-ийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгах бөгөөд долдугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулах юм.
АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороог УИХ-ын даргын захирамжаар байгуулж, даргаар нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Ажлын хэсгийн ахлагчаар нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллан, бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгаад байна.
Харин өнөөдөр орой АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал 16.30 цагаас Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Төслийн баримт бичгийг боловсруулах үүргийг хурал зохион байгуулагч орны парламент хүлээдэг бөгөөд УИХ-ын гишүүн С.Оюунаар ахлуулсан Ажлын хэсэг баримт бичгийг бэлтгэн боловсруулсан байна.
АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад нийт 32 орон /Монгол Улсыг оролцуулан/ болон Европын Парламентаас 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали /Сенатын танхим/ гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали /Төлөөлөгчдийн танхим/, Испани гэсэн найман улсын парламентын дэд дарга нар оролцохоо нотлоод байгаа юм. Энэ нь АСЕМ-ийн гишүүн орнууд АЕПТ-ийн 9 дэх уулзалтад өндөр ач холбогдол өгч буйн илрэл юм.
Мөн АЕПТ-ийн уулзалтыг дотоодын 62 сэтгүүлч сурвалжлахаа илэрхийлж, эрхийн үнэмлэх авсан байна.
Н.Гантуяа