Олимпын наадамд оролцох байт харвааны тамирчдыг Төрийн банк дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн банк, Монголын байт харвааны холбоо хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 17-нд гарын үсэг зурав. Ингэснээр “Токио-2020” зуны олимпын эрхээ авсан байт харвааны тамирчдыг тус банк дэмжиж ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэболд гарын үсэг зурсан юм. Энэхүү ёслолд Төрийн банкны төлөөлөл болон байт харвааны дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл оролцлоо.
Байт харвааны холбоо, Төрийн банктай хамтарч ажилласнаар Токиогийн олимпын наадамд оролцох эрх авсан ОУХМ Б.Отгонболд, пара байт харвааны шигшээ багийн тамирчин, спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулиа тасралтгүй, тууштай хийх боломж бүрдэж байна.