Малын эрүүл мэндийн үнэлгээний дүгнэлт нааштай гарч байгааг мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлал хийж буй ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай уулзлаа. 180 гаруй орон гишүүнээр элссэн тус байгууллага малын гоц халдварт өвчний хамтын зохицуулалтын үндсэн байгууллага бөгөөд малын өвчингүй хэмээн тус байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх нь улс орнуудад маш том давуу талыг бий болгодог байна.
Ерөнхий захирал Моник Элуа Монгол Улсад саяхан хийсэн үнэлгээний дүгнэлт маш нааштай гарч байгааг мэдэгдээд Монгол Улсын Засгийн газраас мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, улмаар хүн амыг эрүүл хүнсээр хангах, олон улсын худалдааг дэмжих чиглэлээр ихийг амжуулсан байгааг цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, босоо удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг бий болгох чиглэлээр ажиллаж байгааг сайшаан Монгол орны баруун бүсийг малын гоц халдварт өвчнөөр тайван бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд маш ойрхон байгаа талаар дахин мэдэгдэв. Ингэхийн тулд Мал эмнэлгийн ерөнхий газар болон хувийн хэвшлийн малын эмч нарын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг, нэн ялангуяа Мал эмнэлгийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хоорондын уялдаа холбоог сайжруулж, давхардлыг арилгах нь зүйтэй байгаа талаар мэдээллээ.
Сайд Ч.Улаан мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулж, цаашид анхаарах шаардлагатай байгаа зүйлсээ мөн танилцуулав. Сайдын зүгээс Монгол орны баруун бүсийг малын өвчингүй, тайван хэмээн хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтээ тус байгууллагад тогтсон хуваарийн дагуу энэ жилийн намар албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдэж, дараа жил олон улсад хүлээн зөвшөөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
Ингэснээр мал аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, малчдын орлого, амьжиргаа нэмэгдэх болно гэдэг дээр хоёр тал санал нийлсэн. Эцэст нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний тайланг хүлээн авмагцаа зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монгол Улсын мал эмнэлгийн тогтолцоог сайжруулахад шаардлагатай арга хэмжээ авахад дэмжин ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.