Д.Сарангэрэл: ДЭМБ-аар дамжуулан 2000-3000 оношлуур авахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс хуралдаж, БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирус Монгол Улсад орж ирэхээс сэргийлэх асуудлыг хэлэлцэж байна.
Коронавирусээс хамгаалахад нэн тэргүүнд иргэд амны хаалт зүүж, гар ариутгах бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Харамсалтай нь Монгол Улсад байгаа амны хаалтны үйлдвэр түүхий эдээ БНХАУ-аас авдаг гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуралдаанд танилцуулав.
Тэрбээр, “Япон улсаас коронавирусний оношлуур хүлээн авсан. ДЭМБ-аар дамжуулан 2000-3000 оношлуур авахаар ажиллаж байгаа. Амны хаалтын хангамжийг сайжруулахаар БНЭУ, БНСУ, ОХУ-д хандсан. Эдгээр улсад амны хаалт хомсдож байгаа тул бид олон улсын байгууллагуудад хандаж байгаа. Хувийн хэвшлийн байгууллагууд ч дотоод нөөц бололцоогоо ашиглан амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна. Монгол Улсад 15 мянга 134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2195 орыг коронавирусний халдвар гарсан тохиолдолд ашиглах бүрэн боломжтой. Бидэнд анхаарах шаардлагатай байгаа зүйл нь эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгсэл. Одоо 100 хүнд 10 хоног хэрэглэх нэг удаагийн хамгаалах хэрэгсэл бий. Үүнээс илүү нөөцгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзана” хэмээв.
Засгийн газрын шийдвэрийн дагуу БНХАУ-ын Ухань хотод байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авч ирэхээр тус улсын ГХЯ-нд албан бичиг хүргүүлжээ. БНХАУ-аас хариу ирүүлсэн тохиолдолд очиж авах бүх бэлтгэл ажлыг хангасан гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. Мөн БНХАУ-ын бусад хотод сурч, ажиллаж буй иргэд эх орондоо ирэхээр Консулын газарт хандаж буй аж. Тухайлбал, 100 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ өнөөдөр Эрээн хотын Консулын газарт өгсөн байна.
Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна.