УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай
парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон улсын ардчиллын өдрийн
мэндийг дэвшүүлээд, энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой
эхэлж байгааг онцлов. Тухайлбал, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг
хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын
хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон гэлээ.
УИХ-ын дарга мөн, хууль тогтоох ажиллагаанд чухал
хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
энэ оны наймдугаар сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуультай хамт
баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор хүчин
төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг
даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны тавдугаар сарын нэгний өдрийн дотор
өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан болохыг тэмдэглэв.
Үүний зэрэгцээ УИХ-ын дарга “Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо хуучин нийгмийн бүтэц дээр гацсан. Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна.
Засгийн газар 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж E-Mongolia систем ашигласан нь сайшаалтай. Гэхдээ иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар хэмээн тодотгосон. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй ирэх оны төсвийн төсөл 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй. Иймд бид хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орны хөгжилд хамаарах боловсролын асуудлыг бүхэлд нь харж, тогтолцоо, төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байна” хэмээв.
Өнгөрсөн хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмнө нь жил бүрийн 10 дугаар сарын нэгэнд эхэлдэг байсан намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан. Намрын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай зэрэг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилнэ.