Төрийн болон хамт олны золголт зохион байгуулахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-30 18:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сараар төрийн болон хамт олны золголт зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.


БНХАУ-д дэгдсэн коронавирус 18 оронд илэрч, 7711 хүн халдварлаж, 170 хүн нас барсан бол 120 хүн эдгэсэн байна. Монгол Улсад коронавирусээр халдварласан байх 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нарийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн юм. Хэдийгээр Монгол улсад бүртгэгдээгүй ч Засгийн газар, Улсын онцгой комисс урьдчилан сэргийлэх  бүх ажлыг хийж буй юм. Энэ хүрээнд олныг хамарсан золголт болон Цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг хязгаарлах болсон хэмээн Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэв.


Мөн хуралдаанаар БНХАУ-аас ирсэн иргэдийг түр байрлуулж, үзлэг шинжилгээнд хамруулах байр байгуулах асуудлыг судлах үүргийг ЭМЯ-нд өгчээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Яамнаас нийслэлийн болон 21 аймгийн бүх эмч нараа цахимаар болон танхимын сургалт тогтмол хамруулж байгаа. Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад ирж буй иргэдэд онцгой хяналт тавих юм. Халуурсан, ханиалгасан, булчин өвдсөн, хоолоо хуурайшсан, цээжээр хөндүүрлэсэн зэрэг зовиуртай иргэнийг шууд тусгаарлаж байгаа. Энэ бүх дэглэмээ сахиж чадвал вирусээс сэргийлэх боломжтой юм” гэлээ.


БНХАУ-д амьдарч байгаа олон Монгол иргэн эх орондоо ирэхийг хүсэж байгаа тул хилээ хааж болохгүй гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мөн онцлов. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөхөөс эхлээд олон асуудал бий гэдгийг дурдсан юм.

Связанные новости