Амны хаалтны нийлүүлэлт, импортод анхаарахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-31 14:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад "Мөнхийн Тун", "Монхимо" болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гэсэн 3 газар амны хаалт үйлдвэрлэдэг гэсэн мэдээ бий. Гэвч ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлснээр ганцхан "Мөнхийн Тун" ХХК-ийн "Тунфарма" үйлдвэр л амны хаалт үйлдвэрлэж байна. 

Тус үйлдвэр өдөрт 40 мянгыг үйлдвэрлэж байна. Гаалийн болон эм хангамжийн газруудаас авсан мэдээгээр импортоор 278 мянган ширхэг амны хаалт орж иржээ. Гэвч энэ бүхэн нь хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй, импортоор оруулж ирсэн бүх амны хаалтыг зах зээлд нийлүүлж дууссан болохыг ШӨХТГ-ын Шударга өрсөлдөөний газрын дарга Н.Батцэцэг мэдэгдлээ.


Энэ байдлыг тус газар эмийн сангууд болон хангамжийн байгууллагуудад хийсэн шалгалтаар баталж буйгаа мэдэгдлээ. Тиймээс ШӨХТГ ЭМЯ-нд хандан амны хаалтны импортыг дэмжих (оруулж ирж буй ААН, байгууллагын үйл ажиллагааг нэмэгдүүлэх), нийлүүлэлтийг зохицуулах (нэг хүнд тодорхой хэмжээний хязгаарлалттай худалдах), хүсэлт бүхий зөвлөмж хүргүүлж буйг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва өнөөдөр мэдэгдлээ.

Мэдээллийн үеэр ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төлөө газрын дарга Ш.Цэрэндулам эмийн сангууд, эм хангамжийн газруудад хийсэн шалтгалтын талаар мөн танилцууллаа. Тус газрын 1284 дугаарын утсанд 204 дуудлага ирсний дийлэнх нь амны хаалт, ариутгагч бодис, шингэн олдохгүй байна, үнийг нь нэмж худалдаж байна гэсэн гомдол байв. Гэвч нэг төрлийн амны хаалт дээр 3 өөр үнэ бичсэн "Монос" ХХК-ийн эмийн санг эс тооцвол ноцтой зөрчил гараагүй байна. 


Ташрамд дурдахад, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол залуус нэгдэн эх орон руугаа 10 мянган ширхэг амны хаалт цуглуулан илгээх зэргээр иргэдийн зүгээс нийгэм, нийтийн төлөө аян өрнүүлж буйд талархаж буйгаа ШӨХТГ-ын удирдлага илэрхийлэв.


Нэг ёсондоо коронавирусний халдвар дэгдэлт хурдацтай тархаж буй энэ үед амны хаалтыг нөөцлөн хомсдол үүсгэж зохиомлоор үнэ хөөрөгдсөн зөрчил гараагүй тул ШӨХТГ аль нэг байгууллагыг торгоогүй байна. Нийслэлийн "Метромолл" худалдааны төвд байрладаг "Монос" эмийн сан зарлагын падан дээр 3600-5700 төгрөгийн үнэтэй гэж 2 өөр үнэ бичсэн хэр нь 2500 төгрөгөөр худалдаж буй мэт тодорхойгүй байдал гарчээ.


Дээрх байдал нь бодит үнийг бариагүй, мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлэх оролдлого гэж үзэж буйг хэлж байв. Мөн "Мөнхийн Тун" ХХК-ийн "Тунфарма" үйлдвэр амны хаалтын бөөнөөр нийлүүлэх үнийг 90 төгрөгөөс 150 төгрөг болгон нэмэгдүүлснийг мэдээллээ. ШӨХТГ эмийн сангуудад хандан доорх анхааруулгыг хүргэж байгааг мэдээллээ. Үүнд:

  • Амны хаалтыг худалдахдаа ямар төрлийн, зориулалтын гэдэг шинж байдал, төрлийг мэдээлж байх, 
  • Утаа шүүх амны хаалт, нян бактерийг шүүх амны хаалт зэргээр зориулалт, шинж чанарыг иргэдэд тайлбарлаж өгөх,
  • Үнэ болон худалдах тоо ширхгийг бодитоор бичиж мэдээлэх, 

Иргэдийн хувьд амны хаалт болон гар ариутгагчийн талаар гомдол, санал хүсэлтээ мэдээлэхдээ эмийн сангийн нэр, хаягийг тодорхой өгч байх хэрэгтэй гэв.


Ташрамд дурдахад, БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол залуус нэгдэн эх орон руугаа 10 мянган ширхэг амны хаалт цуглуулан илгээх аян өрнүүлж буйг талархалтай хүлээн авч дэмжиж буйгаа ШӨХТГ-ын удирдлага илэрхийлэв. Дээрх тооны амны хаалтыг "МИАТ" компани дэмжин үнэгүй тээвэрлэн, гаалийн татваргүй оруулахаар болжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Связанные новости