Баян-Өлгий аймаг төрөх тасгаа Амаржих газар болгож өргөжүүлэх хүсэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн дэргэд орчин үеийн Эмчилгээ, оношилгооны төв 2014 онд байгуулагдсан. Ингэснээр ард иргэд оношоо тодруулахын тулд Улаанбаатар хот болон Ховд аймаг явах шаардлага багасаж, цаг хугацаа, мөнгө хэмнэх боломж бүрдсэн гэдгийг аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулсан. Хот руу оношилгоонд явдаг урсгал 60 хувь багассан, гуравдугаар шатлалын эмнэлэгт оношлуулах биш эмчлүүлэхээр л хандаж байгаа гэдгийг эмч ажилтнууд онцолж байлаа. Оношилгооны төв 15 төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд эдгээрийг ашиглах эмч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор дотоод болон гадаад улс оронд мэргэжлийн сургалтад хамрагджээ. Тус аймагт төрөлт улсын дунджаас өндөр. Сүүлийн жилүүдэд төрөх тасгийн ачаалал ихэсч байгаагаас тус тасгийг одоогийн хүчин чадлаар ажиллуулахад хүндрэлтэй болжээ. 2012 онд тус тасагт 1864 эх төрсөн бол өнгөрсөн онд 2108 эх амаржжээ. Иймд 32 ортой төрөх тасгаа 50 ортой болгож нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч хуучин орон тоо, төсвөөрөө ажиллаж байгаа нь эмч ажилтан, сувилагчдын ажлын ачаалал их, цалин хөлсний асуудал хүнд байгааг эмнэлгийн удирдлага хэлээд төрөх тасгаа Амаржих газар болгож өргөтгөх, 50 ортой эмнэлгийн төсвийг тодотголоор шийдүүлж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.
Амаржих газрын төсөв, цалин хөлсний тооцоог гаргаж Засгийн газарт ойрын үед хандахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд Эрүүл мэнд, спортын яам болон Сангийн яамтай хамтарч энэ асуудалд анхаарч ажиллана хэллээ. Баян-Өлгий аймаг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн үйл ажиллагаагаа өргөжүүлснээс гадна Аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн дөрвөн төвийг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр /тус бүрийн төсөвт өртөг 250,0 сая төгрөг/ стандартын шаардлага хангасан байртай болгосон, эмнэлгийг унаажуулах, холбогдох эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд 2013-2016 онуудад давхардсан тоогоор 330498 иргэн эмнэлгийн анхан шатны үйлчилгээг тохилог орчноос авчээ. Мөн Нэгдсэн эмнэлгийн ор, төрөх, хүүхэд, мэс засал, аж ахуйн тасгуудад их засвар хийж, шаардагдах шинжилгээний аппаратуудаар хангажээ. Эдгээрийн үр дүнд хүн амын эрүүл мэнд харьцангуй сайжирч, иргэдийн дундаж наслалт 2012 онтой харьцуулахад 3,2 насаар нэмэгдэж 75-д хүрлээ гэж аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.