Монгол, Катарын ГХЯ-ны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Катарын Гадаад хэргийн яамны зөвлөлдөх уулзалтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Катарын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Ахмад Хассен Аль-Хаммади нар энэ сарын 2-нд гарын үсэг зурав.
Монгол, Катарын Гадаад хэргийн яамны анхдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр гарын үсэг зурсан энэхүү санамж бичиг нь улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ахлах албан тушаалтны түвшинд тогтмол санал солилцох боломжийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн үзэж буй юм.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, улмаар худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах нөөц бололцоог бүрэн ашиглахын төлөө аль аль талаасаа анхаарч ажиллах, эдгээр салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд спорт, соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцов. Мөн албан, дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах, зэрлэг амьтан, ургамал хамгаалах хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад анхаарч ажиллахаар тогтлоо. Улмаар Катарын тал онгоцны буудалд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгодог системдээ Монгол Улсын иргэдийг хамруулахаар болов. Түүнчлэн энэ онд Монгол Улсад болох Дэлхийн экспортын хөгжлийн форум, Залуучуудын ногоон наадамд Катарын талаас төлөөлөгч оролцуулахыг манай тал урив.
Мөн үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Катарын Хөгжлийн сангийн Ерөнхий захирлын орлогч Мисфер Хамад Аль-Шахваанитай уулзаж, Катарын талын тусламжаар барих хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилтийн нөхцөлийн асуудлаар ярилцаж, холбогдох судалгааг гардуулан, дэмжлэг хүсэв.
Манай хоёр улс 1988 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Катарын Засгийн газар Улаанбаатар хотноо болсон олон улсын хурлыг зохион байгуулах, 2006 оны Дохагийн Азийн тоглолтод манай улсын 350 гаруй тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүсийг оролцуулахад дэмжлэг олгосон. Мөн Мянганы зам төсөлд зориулж 10 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг Цэцэрлэг-Тосонцэнгэлийн 60 гаруй км зам тавихад зарцуулжээ.