Хүүхдийн автобусны техникийн үзлэг эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний газар Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгийг өнөөдрөөс эхлүүллээ.
Нийслэлийн ЕБС-ийн хүүхдийг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү ажил энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх бөгөөд дээрх хугацаанд сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангаж, үзлэгт бүрэн хамруулахыг нийтийн Тээврийн үйлчилгээний газраас анхааруулж байна.
Үзлэгээр Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын стандарт MNS6440:2014 “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага”-д нийцсэн байдлыг шалгах юм.
Түүнчлэн бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж буй байдалд Тээврийн цагдаагийн албаны байцаагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч болон нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд хянаж ажиллана.
Хүүхэд тээвэрлэх автобус нь 12-оос доош жил эдэлсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.