Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАНБЕРРА. /ABC/. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид олон сарын турш дэгдсэн ойн түймэр унтарсан талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх газар пүрэв гарагт "Twitter" хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Шинэ Өмнөд Уэльст өнгөрсөн долоо хоногоос хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үүссэн үер ойн түймрийн ихэнхийг унтраажээ. Гэсэн хэдий ч зарим нутагт үерийн гамшиг нүүрлэжээ. Тус мужийн хойд хэсгийн нэгэн тосгонд усны түвшин 1 метр хүрсэн бол ган гачигт нэрвэгдсэн нутгуудын нөхцөл байдал сайжирсан байна.
Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос хойш тус бүс нутагт унасан хур тунадасны хэмжээ 700 миллиметр давсан бөгөөд бороо цаашид үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ.