Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-26 13:43:22

Засгийн газрын ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 25-нд болов.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барина.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлийн төсөлд УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсвийн бодлогод шинэчлэл хийж, төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад байгаа энэ үед эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалах, инфляцын түвшинг 5-7 хувьд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж, 6,8 хувьд хүргэх, нэгдсэн төсвийн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 0,0 хувь байлгах, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлыг бууруулж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Дэмпингийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Дэмпингийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Энэ хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах үр дагавар гарна гэж тооцож байна.

Худалдааг Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмпингээс хамгаалах эрх зүйн харилцааг Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээртэй уялдуулан зохицуулах механизм бүрдэнэ.

Хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдана.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж байна.

Товч мэдээ

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Монгол наадам үндэсний спорт цогцолборын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригт, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгалаа.

- Япон улсын Күмамото, Оита мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсан. Япон улсад буцалтгүй тусламж болгон 50 мянган ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

- Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжиж, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг болосвруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.    

 

 

Связанные новости