“Сut, copy, paste” үйлдлийг санаачлагч таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /The Independent/. Компьютерийн “сut, copy, paste” үйлдлийг санаачлагч Ларри Теслер 74 насандаа таалал төгсжээ. Тэрбээр 1960-аад оны эхээр буюу компьютер олон нийтийн хэрэглээ болоогүй байх үеэс Цахиурын хөндийд ажиллаж эхэлжээ.
Л.Теслерийн санаачлан зохиосон "cut", "copy", "paste" зэрэг үйлдлүүд нь компьютерийн хэрэглээг ихэд хялбаршуулсан юм. 1945 онд АНУ-ын Нью-Йорк муж улсад төрсөн тэрбээр Стенфордын их сургуулийг дүүргэсэн байна.
Л.Теслер “Xerox” компанид карьерийнхээ хамгийн олон жилийг өнгөрүүлсэн бөгөөд тус компани “Twitter” хуудсаараа дамжуулан түүний дурсгалыг хүндэтгэжээ. Тэрбээр их сургуулиа төгссөнийхөө дараа хэрэглээний интерфейсийн дизайнаар мэргэшиж, өнөөгийн компьютерийн системийг хэрэглэхэд илүү хялбар болгоход хувь нэмрээ оруулжээ.
“Xerox” компаниас ажлын гараагаа эхлүүлсэн Л.Теслер технологийн олон компанид ажилласан бөгөөд “Apple” компанид 17 жил ажиллахдаа ахлах мэргэжилтэн болтлоо дэвшжээ. “Apple” компаниас гарсны дараа тэрбээр боловсролын компани байгуулснаас гадна “Amazon”, “Yahoo” компанид мөн ажиллаж байжээ.