Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-11-17 16:15:43

ДУБАЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/. Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ хамгийн том хот болох Дубайд нээгджээ. Шинэ таван одтой “Ciel Dubai Marina” зочид буудал анхны зочдоо хүлээн авч эхэлсэн байна.


Уг зочид буудлын барилга 377 метр өндөр бол өмнө нь “дэлхийн хамгийн өндөр зочид” буудал гэгдэж байсан "Gevora Hotel"-ын өндөр нь 356 метр юм. Эдгээр хоёр буудлаас гадна дэлхийд хамгийн өндөр 10 зочид буудлын дөрөв нь Дубайд байдаг. Тодруулбал, "JW Marriott Marquis Hotel", "Rose Rayhaan", "Burj Al Arab" болон "Jumeirah Emirates Towers Hotel" зочид буудлууд юм.


"Ciel Dubai Marina" нь 82 давхар, 1004 өрөөтэй ажээ. Уг зочид буудлын цогцолборт дэлхийн хамгийн өндөр инфинити бассейн мөн нээгджээ. Энэхүү бассейн нь 76-р давхарт, далайн түвшнээс дээш 310 метрийн өндөрт байрладаг бөгөөд "Tattu Sky Pool" цогцолборын нэг хэсэг юм.


Дубайн зочид буудлыг анх 2024 онд нээхээр төлөвлөж байсан боловч хойшлуулжээ. Зочид буудлыг барихад 2 тэрбум дирхам /544 сая орчим ам.доллар/, 5 жилийн хугацаа зарцуулсан гэнэ. Зочид буудлын оператор компани нь "IHG Hotels & Resorts" сүлжээнд багтдаг "Vignette Collection" брэндийн дор үйл ажиллагаа явуулдаг "The First Group Hospitality" юм.


АНЭУ нь 150 метрээс дээш өндөр барилгуудын тоогоор дэлхийд эхний гуравт багтдаг. Тус улсад ийм өндөртэй 345 барилга байгаагаас 269 нь Дубайд байдаг.



Связанные новости