Энэтхэгээс авах зээл эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Энэтхэг Улсаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Зээлийн ерөнхий нөхцлийн хувьд зээлийн жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 20 жил байх бөгөөд эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Харин нэмэлт нөхцлийн хувьд дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдэд зээлийн жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 25 жил байх, үүнээс эхний 7 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасан байна.
Сангийн сайд Б.Болор энэ үеэр, "Засгийн газар хөнгөлөлттэй зээлийг төмөр замын салбарын төслийг санхүүжүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр хэлэлцээрийн шатанд Энэтхэгийн Засгийн газартай урьдчилсан байдлаар санал солилцож тохиролцсон. Төсвийн байнгын хороо ч зээлийн хөрөнгөөр төмөр замын төслийг санхүүжүүлэх Засгийн газрын байр суурийг дэмжсэн. Харин зээлийн хөрөнгийг дэд бүтцийн бусад салбарт зарцуулах хэрэгтэй гэж үзвэл хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхэд хүрнэ, ингэснээр цаг хугацаа ч алдана. Энэтхэг нь төмөр замын хувьд ихээхэн туршлагатай орон учраас зээлийн хөрөнгийг манай улсад нэн шаардлагатай байгаа төмөр замын төслийг санхүүжүүлэхэд зарцуулахыг Засгийн газар чухалчилж байгаа. Иймээс зээлийг хоёр талын урьдчилан тохиролцсон төсөлд зарцуулах нь цаг хугацаа хожих, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм" гэлээ.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг зөвшилцөж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Б.Туул