Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг 3 дугаар сарын 2 хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-26 15:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан нийслэл рүү, орох гарах урсгалыг хязгаарлах чиг үүргийг хэлэлцэн, 3 дугаар сарын 2 хүртэл сунгахаар болсныг мэдэгдэв. 

Улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгахаас гадна мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй байхаар боллоо. Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 24-27 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан юм. 

Улсын онцгой комиссын хуралдаанаар мөн Монгол Улс, БНСУ хооронд нислэг үйлдэхийг зогсоогоод байсныг 3 дугаар сарын 11-нийг хүртэл сунгаж, Япон улс руу хийх нислэгийг 3 дугаар сарын 11-нийг дуустал түр зогсоохоор болов. Мөн БНСУ-аас ирэх зорчигчдыг 3 дугаар сарын 30 хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнд автотээвэр, орон нутгийн чиглэлийн зорчигчдын галт тэрэг, хувийн авто машин орж байгаа юм. Мөн хуралдаанаар 3 дугаар сарын 2-ноос эхлүүлэхээр байсан нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн хугацааг 3 дугаар сарын 15 болгон хойшлууллаа. Дээрх шийдвэрийн талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин, "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул ийнхүү сунгаж байна" гэсэн юм.

Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин хуралдааны үеэр хэлэхдээ, "Манай улсад коронавирусний халдвар авсан хүн тогтоогдоогүй байгаа ч бид тайвширч огтхон ч болохгүй. Засгийн газрын хуралдаан болж буй энэ цаг үед дэлхийн хэмжээнд 80.591 хүн "COVID-19"-өөр халдварлаж, 2709 хүн нас бараад байна. БНХАУ-д 77.272  хүн халдварлаж, 2666 нас барсан бол БНСУ-д 1146 хүн халдвар авч, 11 хүн нас барсан байна. Өчигдрийн 17 цагаас хойш тус улсад вирусний халдварын тохиолдол 169-өөр нэмэгджээ. Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангатган чамбайруулах шаардлагатай байна" гэдгийг онцлов.


Тэрээр, шинэ короновирусний тархалттай холбоотой санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл тараасан, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгож байна гэлээ. 



Связанные новости