Сенатч Тед Круз өөрийгөө тусгаарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Тед Круз намынхаа улс төрийн үйл ажиллагааны бага хурлын үеэр коронавирусний халдвар авсан байж болзошгүй байгаа тул өөрийгөө сайн дураараа тусгаарлахаар шийджээ.
“Арав хоногийн өмнө болсон бага хурлын үеэр надтай богино хугацаанд харьцсан хүнээс “COVID-19” халдвар илэрсэн гэж надад мэдээлсэн. Би энэ хүнтэй товчхон ярилцаж, гар барьсан” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.
Одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд биеийнх нь байдал сайн байна гэж Круз мэдээлээд түүнд вирус халдах магадлалыг эмч нар маш бага гэж дүгнэж байгааг нэмж дурджээ.
Дээрх бага хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар оролцсон гэж өмнө нь мэдээлсэн юм.
АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 500 давж, 21 хүн нас баржээ. Тус улсын зарим муж улсад коронавирусний тархалттай холбоотойгоор онцгой байдал зарласан байна.