Нью-Йоркийн "хязгаарлалтын бүс" рүү цэргүүдийг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-11 07:43:35

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Нью-Йорк муж улсын Уэстчестер тойргийн Нью-Рошелл хотын эргэн тойрны 1.6 километр хэсгийг "хязгаарлалтын бүс" болгож, цэргүүдийг байршуулсан гэж тус муж улсын захирагч Эндрю Куомо мэдээлжээ.


АНУ-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын хамгийн том голомтыг Нью-Рошелл хэмээн үзэж байгаа юм. Цэргүүд сургуулиудыг халдваргүйжүүлж, тусгаарлагдсан хүмүүст хоол хүнс хүргэнэ. Нью-Йорк муж улсад халдварын 173 тохиолдол бүртгэгдсэний 108 нь Уэстчестер тойрогт бүртгэгдсэн байна. 


Мөн Нью-Рошелл хот дахь сургууль болон хүмүүсийн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаагаар түр зогсоож, хотын эмнэлэгт коронавирусний шинжилгээний төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөжээ. 


АНУ-д сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 849 болж, 27 хүн нас барсан байна. 


Коронавирусний халдварын тухай шинэ мэдээллүүд 

  • Туркт халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Халдвар илэрсэн турк эрэгтэйг Европт халдвар авсан хэмээн үзэж байна.
  • Дэлхийн худалдааны байгууллагын ажилтнаас халдвар илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 20 хүртэлх бүх уулзалтыг хойшлуулжээ. 
  • Их Британид халдвар авсан хүний тоо 373 болж, зургаан хүн нас барсан байна.
  • Халдварын улмаас дэлхий даяар нас барсан хүний тоо 4000 давжээ. 
  • Италид халдвар авсан хүний тоо 10139 хүрч, 631 хүн нас баржээ. 
  • Эх газрын Хятадаас гадна бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 35 мянга давсан байна. 
Связанные новости