АНУ-ын технологийн компаниуд коронавирусний талаарх хуурамч мэдээлэлтэй хамтран тэмцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний талаар илт хуурамч мэдээлэл тараах явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын технологийн компаниуд хамтран ажиллаж байна гэж “Facebook”, “Google”, “LinkedIn”, “Microsoft”, “Reddit”, “Twitter” болон “YouTube” компанийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
““COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ авахаар бид нягт хамтран ажиллаж байна. Бид сая сая хүнд хоорондоо холбоотой байхад тусалдаг бөгөөд хууран мэхлэлт, вирусний талаарх хуурамч мэдээллийг тараахтай хамтран тэмцэж байна. Түүнчлэн дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулан, та бүхнийг чухал ач холбогдолтой шинэ мэдээллээр хангахын зэрэгцээ найдвартай контентуудыг сүлжээнүүддээ байрлуулна” гэж мэдэгдэлд дурджээ. Дээр дурдсан компаниуд энэхүү хүчин чармайлтад нэгдэхийг бусад компанид уриалсан байна.
“Facebook”, “Amazon”, “Google”, “Twitter”, “YouTube” зэрэг Америкийн технологийн 10 гаруй компанийн ажилтнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй өнгөрөгч хоёрдугаар сард уулзалж, коронавирусний дэгдэлттэй холбоотой хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцсэн тухай өмнө нь мэдээлсэн. Уг уулзалтыг Калифорни муж улсын Менло-Парк хотод зохион байгуулжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 4300 давж, 84 хүн нас барсан байна.