ОХУ гадаадын иргэдэд хилээ хаалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор ОХУ-ын Засгийн газар гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.
Дээрх шийдвэр гуравдугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэхүү хязгаарлалтад ачаа тээвэрлэж байгаа ачааны машины жолооч нар, мөн ОХУ-д байнга оршин суудаг хүмүүс болон дипломат ажилтнууд хамаарахгүй. Түүнчлэн усан онгоц, галт тэрэгний багийн гишүүдийг хилээр нэвтрүүлнэ.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустиний мэдээлснээр, эдгээр арга хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцэж байгаа юм. Тэрбээр хязгаарлалтыг онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор авсан гэдгийг дурдаад, түр зуурынх гэдгийг цохон тэмдэглэжээ.
ОХУ-д коронвирусний халдварын тохиолдол 93 болж нэмэгдсэн бөгөөд үүний 86 нь гаднаас зөөвөрлөгдөж ирсэн гэж коронавирустэй тэмцэх шуурхай штабын дарга Татьяна Голикова мэдээлсэн байна. Тус улсын нийслэл Москва хотод халдварын авсан хүний тоо 53-т хүрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор хотын дарга Сергей Собянин задгай талбайд олон нийтийн арга хэмжээ, битүү орчинд 50-иас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.