Бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах захирамж үргэлжлэн хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-30 18:25:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга О.Амарсайхан өнөөдөр цахимаар шууд мэдээлэл хийж цаг үеийн байдал, цаашид хийх ажлын талаар танилцуулан иргэдийн асуултад хариулсан юм. Мөн нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргав. Үүнд:

  • Нийслэлд фитнес клуб, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн зэрэг хүн олноор цуглах газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориог 4 дүгээр сарын 30 хүртэл сунгав. 
  • 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах тухай захирамжийн үйлчлэх хугацааг мөн 4 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдэгдлээ. 
  • Гэр бүлийн хүрээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ олноороо цуглахгүй, ойр явцгаахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглов. 
  • Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 8 нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах.


  • Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх.
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг жил бүрийн хавар, намар хийнэ.
  • Шүүлтүүр хэрэглэн түүхий нүүрс түлж буй 3500 гаруй нам даралтын зуухнуудад 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно. 
  • 2020 онд Улаанбаатар хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээ, эмнэлэг сургуулийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ.
  • Гэр хорооллын 220 мянган айл өрхийн модон жорлонг 5 дугаар сарын 1-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлж дуусгана гэлээ. 

"COVID-19"-ийн тархалт улс орнуудад буурахгүй, Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул Монгол Улс вирусний 2 дахь давлагаанд бэлэн байх үүднээс ийнхүү дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буйг дуулгалаа. 

Тэрээр, нийслэлд өнөөдрийн байдлаар 8000 гаруй цагдаа, олон нийтийн 2445 цагдаа, 1992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3824 хүн "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдалд хэрэгжүүлэн ажиллаж буйг мэдээллээ. Тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй 382 иргэдийг бүртгэлжүүлж, 144-ийг нь ар гэрт нь хүлээлгэж өгч үлдсэн иргэдийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулж, өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, сургалтад хамруулаад байгаа аж.


Нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү 7 хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байна. Мэдээллийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд Хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултдаа хариулт авч болох юм.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Связанные новости