"Фронт" Цэгмид гуай Аугаа эх орны дайны баримтат кинонд мөнхөрнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-08 21:39:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ баримтат кино хийж байгаа ба энэхүү кинонд “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидийн дурсамж, түүний тухай оруулахаар болжээ.

Тэрээр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат. Өдгөө хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт Цэгмид” гуай юм.

Бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас руу дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж,  1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 воган бэлгийн зүйлээ дөрөв хувааж, дөрвөн хэсэг болон хуваагдаж байсан байна.

“Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан.

Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг.

С.Цэгмид гуай хамгийн сайхан үнэтэй дурсамжаа ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой уулзсан явдал хэмээн дурсдаг. Хоёулаа 19-хөн настай байсан. Нэг цаг шахуу онгоцоор хамт нисч, яримаар зүйл их байсан ч хэл нэвтрэлцэхгүй байснаа, түүнээс захидал хүлээж, дахин уулзах юмсан гэж бодож явдгаа ч нуулгүй ярьдаг.

Зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо тэжээн онд мэнд оруулж, нэгдлийн 500 хонь маллаж байсан тэрээр 18-хан насандаа “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, Маршал Х.Чойбалсангаас шагналаа гардан авч байжээ. 

Связанные новости