Нью-Йоркт цахимаар гэрлэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /BBC/.
АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч
Эндрью Куомо цахимаар гэрлэхийг зөвшөөрсөн тушаалд гарын үсэг зуржээ. Хөл хорионы
хязгаарлалтуудын улмаас олон хуримыг цуцлахад хүрээд байгаа юм.
Уг баримт бичгийн
дагуу Нью-Йорк муж улсад гэрлэлтийн гэрчилгээ авах хүсэлтийг зайнаас гаргах
боломжтой болсны зэрэгцээ хуримын ёслолыг цахимаар явуулахыг санваартнуудад зөвшөөрчээ.
Нью-Йорк муж
улсад хөл хориог ирэх тавдугаар сарын 15 хүртэл сунгасны дараа дээрх шийдвэрийг
гаргажээ. Коронавирусний халдварын улмаас Нью-Йорк хотод л гэхэд 13 мянга гаруй
хүн нас барсан юм.
Цахимаар гэрлэхийг
зөвшөөрсөн шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авчээ. Олон нийтийн зарим нь бусад
шийдвэрийг эн тэргүүнд тавьсангүй хэмээн захирагчаа шүүмжилсэн бол хэсэг бүлэг нь цар
тахлын үед зарим талаар ашиг тустай гэж үзжээ.
Сүй тавьсан
хосууд хөл хориог хэрхэн даван туулж байна вэ?
Амьдралынхаа хамгийн чухал өдрийг зарим хос хэдийн цахимаар тэмдэглэж эхэлсэн байна. Түүнчлэн Нью-Йорк
нь ийм шийдвэрийг гаргасан анхны нутаг дэвсгэр биш юм.
Арабын Нэгдсэн
Эмират Улсын Хууль зүйн яам хосуудад зориулан шаардлагатай бичиг баримтын
хүсэлт гаргах цахим хуудсыг гаргасныхаа дараа цахимаар гэрлэхийг зөвшөөрч буйгаа
мэдэгдсэн байна.
Мөн АНУ-ын Колорадо
муж улсад ижил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд хосуудыг гэрлэлтийн
гэрчилгээ авах хүсэлтээ цахимаар гаргахыг зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ Охайо муж
улсын нэгэн тойрогт хосын аль нэг нь эмнэлгийн ажилтан, хүнд өвчтэй хүн байх зэрэг
тодорхой нөхцөлүүдэд гэрлэлтийн гэрчилгээг цахимаар авахыг зөвшөөрчээ.