Ё.Баатарбилэг: Теле хичээлд эцэг эхчүүдийн дэмжлэг хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Теле болон цахим хичээл 6 дугаар сарын 1-нд дууссанаар 2019-2020 оны хичээлийн жилийг хаах БСШУС-ын сайдын тушаал гарчээ.
Засгийн газрын энэ сарын 15-ны хуралдаанаар, хичээл, сургалтыг 9 дүгээр сарын 1 хүртэл зогсоох тогтоол гаргасан. Ингэхдээ, ЕБС-ийн 12 дугаар анги төгсөж, их дээд сургуульд элсэх сурагчдаас авдаг монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил өнжихөөр болсон. Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байрны дулаан, цахилгаан зэрэг зардлыг хэмнэж, цар тахлын үед шаардлагатай арга хэмжээнд зарцуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр хийсэн мэдээллийн эхэнд тэмдэглэв.
Засгийн газрын тогтоолын хүрээнд БСШУС-ын сайдын тушаал энэ сарын 17-нд гарсан байна. Тушаалд, 2019-2020 оны сургууль, цэцэрлэгийн хичээлийн жил зургаадугаар сарын 1-нд дуусгавар болохоор заажээ. Ингэхдээ, сурагчдад зориулсан теле хичээлийг одоо явуулж байгаа хэвээр үргэлжлүүлэх аж. Харин 9, 12 дугаар анги төгсөгчдөд олгодог боловсролын гэрчилгээг зургаадугаар сарын 7-ны дотор олгохыг Боловсролын газарт үүрэг болгожээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, "Сүүлийн үед цахим сүлжээнд цахим болон теле хичээлийг хүүхдүүд үзэх нь багасаж байгаа тухай эцэг эхчүүд бичих боллоо. Цар тахлын үед олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж хичээл сургалтыг хэвийн явуулахын тулд Монголын тэргүүлэх зэргийн багш нараар теле хичээлийг өндөр түвшинд зохион байгуулж байна. Тиймээс эцэг эхчүүд хариуцлагатай хандаж, хүүхдийнхээ хичээл, сургалтад хяналт тавьж сургалтыг хэвийн явуулахад туслах ёстой" хэмээв.
Сайдын тушаалаар, аймаг, нийслэлийн соёл урлагийн газрын удирдлагад хичээлийн жил дуусах хүртэл суралцагч бүрт теле хичээл хүрч байгаа эсэхэд хяналт тавихыг үүрэг болгожээ.
Мөн 2020 оныг дуустал багш, сурагчдын дунд ямар ч тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй байхыг тушаалд заасан байна.
Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх бол сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгэх ажлыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болжээ.
Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 4,5 дугаар сард цахимаар зохион байгуулахаар тушаалд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар тус сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлэхээр 4500 багш бүртгүүлжээ.
Шинэ коронавирусний
цар тахалтай холбогдуулан дэлхийн 192 улс орон цэцэрлэг, сургуулийн сургалтыг
зогсоож 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд байна. ЮНЕСКО-гоос хичээл, сургалтыг
цахимаар явуулах 130 орчим платформыг судалж, хэлэлцэж байна.