“Оны шилдэг илтгэл”-ийн эрдэм шинжилгээний хурал цахим хэлбэрээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-29 16:51:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь-үйл ажиллагаа, үр дүн” сэдвийн дор “Оны шилдэг илтгэл”-ийн эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 27-28-нд цахим хэлбэрээр явууллаа.

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны дунд зохион байгуулдаг тус хурлыг энэ жил 53 дахь жилдээ Боловсролын хүрээлэнгийн албан ёсны фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүргэсэн юм.


Багшийн судалгааны ажлын үр дүнг сургалттай уялдуулах, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг хуралд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг бүрээс шалгарсан нийт 30 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС-иас шүүгчийн баг ажиллажээ.


Илтгэгчид хурлаар сурагчдын ялгаатай байдлыг сурлагын түвшин, суралцахуйн бэрхшээл, суралцах хэв маяг, зан төлөв зэрэг чиглэлээр тодорхойлон, уг ялгааг харгалзан хичээл, сургалтыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, турших, сайжруулах арга замыг эрэлхийлсэн судалгааны үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлага солилцов.


Цахим хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 74 оролцогчийн 87 хувь нь цэцэрлэг, сургуулийн багш, 13 хувь нь удирдах ажилтан бол 38 хувь нь нийслэлээс, 38 хувь нь аймгаас, 24 хувь нь сумын төвөөс оролцов. Нийт багш нарын 60 орчим хувь нь тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй, анхны удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байсны зэрэгцээ 23 хувийг бага ангийн, 20 хувийг монгол хэл, бичгийн, 17 хувийг түүх, нийгмийн ухааны, 7 орчим хувийг цэцэрлэгийн багш эзлэв.

Связанные новости