Франц, Итали, Испанид халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-04 08:56:08

ПАРИС. /BBC/. Франц, Итали, Испанид хязгаарлалтуудыг сулруулахаар бэлтгэж буй энэ үед эдгээр оронд коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор нас барсан хүний тоо буурчээ.


Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 135 хүн, Испанид 164 хүн нас барсан нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Мөн Италид сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт хамгийн цөөн буюу 174 хүн нас баржээ.


Үүний зэрэгцээ Францад өвчтөнүүдээс авсан сорьцыг шинжлэхэд вирус өнгөрсөн оны сүүлээр буюу анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс хэдэн долоо хоногийн өмнө тус улсад тархсан байсныг харуулсан байна.


ОХУ-д нэг өдрийн дотор 10 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Гэсэн хэдий ч тус улсад нас баралтын түвшин бусад орныхоос харьцангуй бага байгаа бөгөөд ням гарагт 58 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1280 болжээ.


Их Британид 315 хүн нас барснаар уг тоон үзүүлэлтээрээ АНУ, Италийн араас гуравдугаарт бичигдэж эхэлжээ. Харин Их Британийн эрх баригчид тархалт оргил үедээ хүрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа гэж мэдэгдэж байгаа юм.


Дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 250 мянга орчим хүн нас баржээ. 


Францад вирус өнгөрсөн онд тархсан уу?

Францад халдварын улмаас өдөрт эмнэлэгт нас барсан хүний тоо гуравдугаар сарын сүүлээс хойших хамгийн бага хэмжээнд хүрчээ. Мөн асрамжийн газар гэх мэт бусад газарт нас барсан хүний тоо сүүлийн өдрүүдэд буурчээ.


Францад коронавирус 12 дугаар сарын 27-нд буюу халдварын анхны тохиолдлууд бүртгэгдэхээс нэг сарын өмнө тархсан байсныг тогтоосон гэж Парисын бүсийн эрчимт эмчилгээний албаны дарга Ив Коэн мэдэгджээ.


"Бид 12, 1 дүгээр сард амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтсэн 24 өвчтөний сорьцод шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрсэн" гэж И.Коэн “BFMTV” сувагт мэдээлжээ. Мөн тэрбээр уг хариуг баталгаажуулахын тулд олон удаа шинжилсэн гэж нэмж хэлсэн байна.  


Францад энэ сарын 11-нээс хөл хориог цуцлахаар төлөвлөж байгаа бөгөөд сурагчид үе шаттайгаар сургуульдаа хамрагдаж, зарим аж ахуй нэгжийг нээж, хүмүүс бичиг баримт бүрдүүлэхгүйгээр 100 километр дотор зорчих боломжтой болно.


Харин Эрүүл мэндийн сайд Оливье Вераны ням гарагт мэдэгдсэнээр, халдвар хамгийн их тархсан Парисын бүс болон зүүн хойд хэсгийн бүс нутагт хөл хориог цуцлах эсэхийг халдварын шинэ тохиолдлын тоо буурсныг харгалзан үзэж шийдвэрлэх ажээ.


Испанид юу болж байна вэ?

Испанид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 164 хүн нас барсан нь сүүлийн сар хагас орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн цөөн үзүүлэлт болсны зэрэгцээ өмнөх өдрийнхөөс 100 гаруйгаар буурсан байна.


Өнгөрсөн бямба гаргаас насанд хүрэгчдийг гадаа дасгал хийхийг зөвшөөрч эхэлсэн бөгөөд үүнийг сүүлийн долоон долоо хоногийн турш хориглоод байжээ. 14-өөс доош насны хүүхдүүдийн хувьд долоо хоногийн өмнөөс гадуур гарах боломжтой болсон юм.


“Испанид хөл хорионы үеэр гарсан золиосын үр дүн гарч байна” гэж Ерөнхий сайд Педро Санчез мэдэгджээ. Тус улс нь Европын орнуудын дундаас халдвар хамгийн их тархсан улсуудын нэг юм.


Испанид өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчид амны хаалт заавал зүүх шаардлагатай болно. Мөн үсчин гэх мэт зарим бизнесийг нээх бөгөөд үйлчлүүлэгчид цаг товлон үйлчлүүлэх боломжтой.


Италийн хувьд?

Италид хөл хориог хоёр сарын өмнө тогтоосноос хойш халдварын улмаас өдөрт хамгийн цөөн хүн нас барлаа. Мөн шинээр халдвар авсан хүний тоо, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурсан хэвээр байна.


Италичууд өнөөдрөөс эхлэн бие биеэсээ зай барин дасгал хийж, нэг бүс нутагт амьдардаг хамаатныхаа гэрт зочлох боломжтой болох боловч найзуудындаа очиж болохгүй ажээ.


Мөн сургууль, кинотеатр болон ихэнх дэлгүүрүүд хаалттай хэвээр байх юм. Шөнийн цэнгээний газар, зоогийн газруудын хувьд зургадугаар сараас үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрнө.


Италид халдварын улмаас 28884 хүн нас барсан нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. АНУ-д 68 мянга гаруй хүн нас барсан байна.


Мөн Их Британид 28446 хүн нас барсан бол Испанид 25100, Францад 24729 хүн нас баржээ. Их Британийн Засгийн газар цар тахлын эсрэг хэрэгжүүлэх дараагийн алхмуудаа ирэх ням гарагт танилцуулах төлөвтэй байна. 



Связанные новости