Дэмпингийн тухай хуулийн төслийн өргөн мэдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Дэмпингийн тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод “Аж үйлдвэрийн салбар нь өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл мөн” гэж тодорхойлсон.Монгол Улс 2015 онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараагаа экспортлож, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон дүнтэй байна. Монгол Улсын олон улсын гэрээ тухайлбал, ДХБ-ын хэлэлцээрүүд, зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг бий болгож байна хэмээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Дэмпингийн тухай хуулийн төслийг 9 бүлэг, 40 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийн 4.1.1-д зааснаар “дэмпинг” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж байгаа барааны үнэ экспортлогч орны зах зээлийн үнээс доогуур байхыг ойлгохоор тусгасан байна. Мөн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч хэлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдаж “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Д.Эрдэнэбат мөн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн Албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив.
Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Нэг. “Ажилтай, орлоготой Монгол хүн” зорилтыг биелүүлэхийн тулд бизнесийг дэмжсэн татварын хоёрдох үе шатны шинэчлэлийг хийхээр заасан байдаг.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр ашиглагдаж буй 1600 гаруй том, дунд, жижиг оврын автобусны насжилт 10-20 жил, гүйлт 600.0 мянган км-ээс дээш байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээний салбарын тулгамдсан гол асуудал болсон. Парк шинэчлэх зорилгоор 2016-2020 онуудад нийтийн тээврийн том, дунд оврын автобус гадаадаас худалдан авахад Монгол Улсад 400.0 сая ам.долларын төсөв шаардагдана. Энэ эрэлтийн 20 хувийг дотоодоос хангах, жилд евро стандартын 120 автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэхээр үндэсний компаниуд 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5340 м.кв үйлдвэрлэлийн талбайд угсралтын 56 дамжлага бүхий үйлдвэр байгуулж байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.
Үндэсний компаниуд 2015 онд евро стандартын 20 автобусыг угсарч үйлдвэрлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлж, Монгол улсад машин байгууламжийн үйлдвэрлэл хөгжих суурийг тавьсан. 20 ширхэг автобусыг угсарч, үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гаалийн албан татварт 385 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 449 сая төгрөгийн татварыг төлсөн байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлд 106,4 сая төгрөг, хүн амын орлогын албан татварт 39,9 сая төгрөг, цалин хөлсөнд 494,9 сая төгрөг, дотоодоос худалдан авсан эд анги, ажил үйлчилгээнд 380 сая төгрөг төлж, нийтдээ 1 тэрбум 21 сая төгрөгийн нэмүү өртгийг Монгол Улсад бий болгожээ.
Хагас иж бүрдлийн нөхцлөөр импортлон оруулж буй манай улсад үйлдвэрлэдэггүй автомашины мотор, хурдны хайрцаг, явах эд ангийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөнөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
Хууль хэрэгжих 4 жилийн хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 7.6 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг үзүүлэхэд Евро-4 хөдөлгүүртэй, порталь тэнхлэг бүхий 480 ширхэг автобусны угсралт үйлдвэрлэлээс Монгол улсад 20,3 тэрбум төгрөгийн нэмүү өртөг, мөн 220 хүний ажлын тогтвортой байр бий болох тооцоо гарч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бизнесийг дэмжсэн татварын хоёрдох үе шатны шинэчлэлийг хийх зорилтыг хэрэгжүүлсэн ажил болох юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.