МАН: Орон нутагт 18, нийслэлд 10 мандат хуваарилах ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, 4 асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийв.
Тус бүлэг “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд можаритар тойргийн 28 мандатын 16-18 нь орон нутагт, 10-12-ыг нийслэлд хуваарилах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо гэсэн гурван хүчин зүйлийг харгалзах ёстой гэж заасан байдаг. Энэ үүднээс манай бүлэг жагсаалтын 28 мандатын 20-ийг нь орон нутагт, 8-ийг нь нийслэлд хуваарилах ёстой гэсэн зарчмыг баримталж байсан. Гэвч АН-ын бүлгээс орон нутагт 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа учир бид тодорхой хэмжээнд буулт хийж болох юм гэж үзсэн. Гэхдээ орон нутгийн нэг мандаттай бүх аймгийг хоёр мандаттай болгох ёстой. Тэгэхээр 16-18 мандатыг орон нутагт, 10-12 мандатыг хотод хуваарилж болох юм гэж үзсэн. Харин 14, 14 гэж хуваарилах нь зохимжгүй” гэлээ.
Бүлгээр мөн өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан Прокурорын байгууллагын тухай хууль болон Шийдвэр гүйцэтгэх, хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой багц асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар дээрх хуулийн төслүүдийг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд бус ирэх УИХ-аар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүн “Эдгээр маш чухал хуулиудыг богино цаг хугацаанд шахуу баталж болохгүй. Ноцтой алдаанууд ч байна. Үүнийг засч залруулах, илүү нарийн тооцоо, үндэслэлд суурилан хэлэлцэж батлах ёстой” гэв.
Энэ долоо хоногт УИХ-аар хэлцэгдэхээр орж ирж буй Татварын багц хуулиудын талаар тус бүлэг хэлэлцэж, зарим хуулиудыг орхигдуулсан байна гэж дүгнэжээ. Тодруулбал МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль болон НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцүүлэхгүй байна гэв. Энэ талаар Ч.Улаан гишүүн “УИХ-д Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулиуд өргөн барьсан байгаа. УИХ-ын гишүүдээс энэ чиглэлийн нэлээд хэдэн хууль өргөн барьсан. Эдгээр хуулиудыг цогцоор нь авч үзэх учиртай. Ер нь энэ жил татварын бүтэц зохион байгуулалт, нэр төрөлтэй холбоотой томоохон өөрчлөлтийг хийх шаардлага бий болсон. Татварын хууль өөрөө төсөв, эдийн засгийн суурь нь байдаг. Ийм ч учраас хөнгөн хандаж болохгүй. Тиймээс МАН-ын бүлгээс эдгээр хуулиудаар Ажлын хэсэг гаргах талаар ярив. Төсвийн байнгын хороо татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг ойрын болоод алс ирээдүйн үр дагавар, гарч болох эрсдэл, эерэг талыг нь харгалзан үзэж, нухацтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал