Газар хөдлөлтөөс сэргийлэх тогтоол хангалтгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРГазар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн энэ оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр Шадар сайдын өрөөнд боллоо.
Хуралдаанаар өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд улс орон даяар зохион байгуулсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийн үр дүн, зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц болон “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын дүнг хэлэлцэв.
Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлагад нийт 700 гаруй мянган хүн хамрагдсан аж. Харин цаашид нийслэлийн 9 дүүрэгт суурилуулсан зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийг нэмэгдүүлэх, аймгуудад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх систем байгуулах, шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр хуралдаанд мэдээлэв. Мөн “Говийн чоно” гамшгаас хамгаалах дадлагыг анх удаа орон нутагт зохион байгуулж, олон улсын тусламжийн бараа угтан авах, үдэн гаргах үйл ажиллагааны болон нүүлгэн шилжүүлэх дадлага явуулж, практик үйл ажиллагааг нэмэгдүүлсэн гэлээ.
Тус зөвлөлийн дарга бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар хуралдааны үеэр "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажил шаардлага хангахгүй, хэрэгжилт удааширч байгааг шүүмжлээд тогтоолыг сурталчлах, хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй албан даалгавар гаргах нь зүйтэй гэв. Мөн ажлын төлөвлөгөөг яаравчлан боловсруулж, Засгийн газраар батлуулах ажлыг яаравчлахыг санууллаа.
Байнгын ажиллагааны зөвлөлийн нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт нь хангалтгүй байгаа 10 гаруй зүйл заалтын үр дүнг тооцож, дараагийн хуралд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Орон нутагт мөн газар хөдлөлтийн эрсдлийг бууруулах ажил тун хангалтгүй байгаа тул танилцуулга, брошур бүхий материал бэлтгэснийг хуралдаанд танилцуулж байв.
Мөн газар хөдлөлтийн үед эмнэлгийн барилгуудын гамшгийн эрсдлийг давах стандартыг боловсруулах, барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж зөвлөлд танилцуулахыг ЭМСЯ-нд даалгалаа.
Н.Гантуяа