"Мөхлөг" буюу сампинаас электрон хувилбарт шилжсэн нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-12 09:18:23

Дээс уяж тоо боддог Хүннүгийн үеэс орчин цагийн ухаалаг тооны машинтай залгах хүртэл он цагийн хэлхээсийг эмхэрдсэн хүмүүс бол яах аргагүй  нягтлан бодох бүртгэлийнхэн юм.

Бор сампин дээр сурамгай гэгч нь хуруугаа хөдөлгөн тоогоороо дуу аялан суух ээж минь энэ албанд насаараа зүтгэсэн нэгэн. Хүүхэд насанд минь үлдсэн бор сампин олон түмэнд, нийгэмд ямар их ач тус өгснийг тэр үед үл мэднэ. Харин сэтгүүлч хэмээх их үүргийг хүлээн олон салбарын тухай бичиж байсан ч хамгийн ойр байсан мөртлөө эл сэдвийг хөндөлгүй өнгөрч... Гэхдээ оройтоогүй эл салбар ямар түвшинд хүрснийг сэтгүүлчийн эрлээр эрэлхийллээ.

Бүртгэлийн тогтолцоог гурван үе шаттай хэрэгжүүлжээ

    Монгол хэмээх их айл бүр эртнээс бүртгэл данстай явж ирсэн. Үүнийг “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрээс харж болно. “Дундаа цэгтэй нь хээлтэй гүү, хажуудаа цэгтэй нь унагатай гүү” хэмээн тоо бүртгэлийг залгамжлах монгол ухаан аугаа гэдгийг киноны дүр бидэнд мөнхөлжээ. Харин 1920-иод оны дунд үеэс бүртгэлийн систем Монголд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна. Нягтлан бодох бүртгэлийнхэн маань Монголоор “Мөхлөг” буюу сампинаас “Түрүүн баатар” хэмээх Югослав машинаар тоо бодож  Оросын “Филкс”  товчтой машин дээр үржих, хуваах үйлдлийг хийж байж. Төд удалгүй товчит буюу ЕС, Минск машинд шилжин 1980–аад оны сүүлчээр орчин үеийн тооны машин болон компьютерийн эринтэй залгажээ. Сампин цохиж бүртгэл тооцоог хийж байх үед “Мемориал  ордер”, 1960-аад оны сүүлчээс Оросын “Журнал ордер”-ийн бүртгэлээр санхүүгийн тооцоог хийж байсан аж. “Журнал ордер” буюу журнал туслах тодотгох гэсэн бүртгэлийн дараа “Журнал бүртгэлийн дансны систем” хэмээх Америк загварыг нягтлан бодогчид ашиглаж энэ цагийн тооцоог хийж байна. Ийнхүү монголчууд бүртгэлийн тогтолцоог  гурван үе шаттай хэрэгжүүлснийг дээрх баримт илтгэнэ.

Нэг хүнтэй институт 4000 гишүүнээр хүрээгээ тэлжээ

 Сайн нягтлан байгууллагыг өсгөнө. Харин тооцоо муу байвал амархан унагана хэмээн хүмүүс ярьдаг нь ортой. Үнэндээ Монгол Улсын эдийн засгийг түргэтгэх гол хүч нь санхүүгийн хүмүүс. Тэд хүчээ нэгтгэвэл улс орныг үсрэнгүй хөгжилд дөтөлнө. Харин хүч тарамдвал эдийн засаг саарна.  Тэгвэл энэ хүчийг нэгтгэхээр мэргэжлийн хүмүүс өөрөө, өөрийгөө удирддаг байгууллагатай болох санаачилгыг 20 жилийн өмнө гаргаж байж. Тэдний эхний ажил 100-гаад мэргэшсэн нягтлан бодогчийг бэлтгэснээр эхэлжээ. Улмаар 1996 оны хавар анхдугаар хурлаа хийж Монгол Улсын гавьяат эдийн засагч Р.Батжаргалыг ерөнхийлөгчөөр сонгосноор Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институт албан ёсоор шаваа тавьсан гэдэг. Нэг өрөө, нэг хүнтэйгээр эхэлж байсан институт эдүгээ 4000 гишүүнээр хүрээгээ тэлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн болон Зүүн өмнөд Азийн Мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны гишүүн болтлоо өсч өндийжээ. Олон улсад мэргэжилтнүүдээ таниулах дэлхийн нягтлан бодогчдын туршлагаас судлах гүүр  тавьснаар гадныхнаас дутахгүй явна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Эдүгээ орон нутагт 25 салбартай Аудитын  140 компанийн 800 орчим аудиторууд харъяалагдах энэ айл “Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг баталж, 4000 орчим  мэргэшсэн нягтлан бодогчийг  бэлтгэжээ. Үүнээс гадна аудитор, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, мэргэжлийн сургалт зохион байгуулах гээд нягтлан бодогчдын тулах гол цэг нь болсон байна.

Монгол Улс 20 мянган нягтлан бодогчтой

       Өнөөдөр манай улсад 20 мянга гаруй нягтлан бодогч үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тооцоо бий. Энэ мэргэжлийг 40 гаруй мянган хүн эзэмшсэн дүн мэдээ байна. Нягтлан бодох бүртгэлийнхний олон улстай хөл нийлүүлэх нэг алхам нь хууль эрх зүйн орчин. 1993 онд батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль цагийн элээнд хуучирсан ч салбарынхан цаг минутаар хувьсаж буй дэлхийн жишигтэй нийцүүлэхийн төлөө хичээсний  үр дүнд тогтолцооны шинэ түвшинд хүрчээ. Ийнхүү хуулийн шинэчлэлд нягтлан бодогчид хувь нэмрээ оруулснаар  Нягтлан бодогчийн шалгалтын журмыг өөрчилж хялбаршуулахад дөхөм болсон гэнэ. Хуучин журмаар мэргэшсэн нягтлан бодогчид хугацаагүй эрх авах хүртэл 3 шатлалтайгаар 13 хичээл судалдаг байсан бол шинэчлэлээр 2 шатлалтайгаар 11 хичээл судлах болжээ. Түүнчлэн нягтлан бодогчийн эрх олгох ба сунгалтанд үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлт нэмэгдсэн аж. Тодруулбал нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын 5 шалгалтаас 2 шалгалтад тэнцсэн бол тухайн хоёр шалгалтын  хүчинтэй хугацаа  18 сар байсныг 2 жил болгосонд нягтлан бодогчид ам сайтай байна. Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтээс  Олон улсын жишигт нийцсэн мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж эхэлжээ. Ингэснээр манай нягтлан бодогчдын олон улс дахь үнэлэмж дээшилнэ хэмээн институтийн багш нар ярьж байна.

Нэгдмэл тайлан цаг хэмнэж байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлнэ

 Монгол Улсын санхүүгийн бүртгэлийг авч яваа нягтлангуудын хувьд байгууллагаа өнгөтэй байлгахын тулд олон талын мэдлэг, мэдээлэлтэй болохыг  цаг үе шаардаж эхэллээ. 1980-аад оны хувьд зөвхөн санхүүгийн тайлангаар хязгаарлагддаг байсан эл салбар эдүгээ  засаглал, удирдлага, тогтолцооны тайланг нэгдсэн хэлбэрээр гаргах цаг үетэй тулгараад байна. Тиймээс мэргэшсэн нягтлангууд зөвхөн тоо бодоод суух бус байгууллагын бүхий л асуудалд толгойгоо гашилгах цаг иржээ. Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтээс  Олон улсад 2009 оноос хэрэгжиж эхэлсэн нэгдмэл цогц тайланг Монголдоо нэвтрүүлэхээр өнгөрсөн оноос ажиллаж эхэлсэн байна. Үүнийг амжилттай нэвтрүүлбэл  сонирхогч бүлгүүдэд тус, тусад нь тайлан гаргах системийг халах гэнэ. Нэгдсэн тайлангийн эхлэлийг  уул уурхайн компаниуд тавьж байна. Тэд нөөц ашиглалт, нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчны эдийн засгийн бүртгэл гэсэн тайлангууд гаргаж эхэлсэн. Түүнчлэн хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгч нарын оруулсан хөрөнгө оруулалт үр өгөөжтэй, ашигтай байх боломжийг бий болгох, орлогоо ил тод тайлагнах гол хөшүүргийг цогц тайлан тавих юм байна.  Тиймээс тухайн байгууллагын ирээдүйн чиг хандлагыг санхүүгийн захирал, нягтлан бодогчдоор төсөөлөх  цаг айсуй. Нягтлан бодогчид  удирдлагуудын туслагч байхаас гадна байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх гол ноён нуруу нь болох нь ээ.

Эрх мэдэлтнүүдийн “шахаа”-г халах систем нэвтрүүлье

   Компаниуд цаг минутаар урагшилж байна. ЖДҮ-ээс томорсон олон мянган компани бий. Гэвч Монгол Улсын эдийн засагт жин дардаг хувийн хэвшлийнхний орлого тэр болгон  ил байдаггүйг өнгөрсөн оноос хэрэгжсэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” илтгэв.  Шинэ хууль хэрэгжсэнээр 30 гаруй их наяд төгрөгийн орлого ил болсон нь ДНБ-ээс бараг гурав дахин их мөнгө хөрсөн дээр буулаа. Үүнээс үзвэл Монгол Улс эдийн засгийг тэлэх хөшүүргийнхээ 50 орчим хувийг хараандаа байлгаж чадахгүй байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд хяналтын тогтолцоо сул, компаниуд засаглалгүй, орлогоо нуун дардаг нь дээрх баримтаар нотлогдож байна. Тэгвэл энэ хяналтыг сайжруулахын тулд хэрхэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Жижиг компаниуд орлоготой ч түүнийгээ нуун "Х" тайлан гаргах, том нь орлогоо дардаг жишгийг халах гол зүйл нь хөндлөнгийн хяналтыг сайжруулах явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр муу бүхнийг нягтлан хийдэг гэсэн ойлголт нийгэмд бий болсон нь нууц биш. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нэг хүний хэргийг мянган нягтланд тохож боломгүй. Үнэн хэрэгтээ  орлогоо нуудаг эзэд, төрийн эрх мэдэлтнүүд буюу нэгдүгээр гарын үсэг зурдаг хүмүүсийн “шахаа”-г хамгийн түрүүнд халах ёстой. Тэд ёс зүйтэй байвал улс орны эдийн засаг тэлнэ. Дээр нь нягтлангууд даргын үгээр бус мэргэжлийн түвшинд ёс зүйгээ барьж ажиллавал улс оронд тэдний хувь нэмэр өгөөжөө өгнө. Түүнчлэн компаниуд үнэнчээр орлогоо мэдээлэн татвараа төлдөг систем рүү шилжвэл манай улсын төсвийг хэд дахин нугалах хэмжээний мөнгө эдийн засагт шингэнэ. Дээрх баримтаас үзвэл манай улс зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орлого ологсдын 50 гаруй хувийг мэдэхгүй суугаа аж. Тиймээс төр хараагаа сунгаж, хяналтаа сайжруулах оновчтой системийг нэвтрүүлэх улмаар компаниуд засаглалаа жинхэнэ утгаар нь нэвтрүүлбэл хэн хэндээ төдийгүй улс орныхоо хөгжлийг түргэтгэнэ.

Аудитын байгууллагыг мэргэжлийн хүн удирдана

  Аудиторууд далд эдийн засгийг ил болгох хүмүүс. Манайд 140 аудитын байгууллагад 800 гаруй аудиторууд ажиллаж байна. 2000 онд 30 мянган төгрөг төлөөд Аудитын дүгнэлт хийлгэдэг байсан хэмээн Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлж байсан удаатай. Харин одоо энэ цаг үе өөрчлөгдөж олон улсын жишигт хүрэхийн төлөө ажиллаж байгааг Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидцэрэн онцолсон.

Олон улсад нэртэй аудитын “Ernest and Young”, “BDO”, “Deloitte” зэрэг сүлжээнийхэн манай зах зээлд ажиллаж байгаа. Мэдээж дотоодын Аудитын байгууллагууд тэдэнтэй өрсөлдөж чадамжаа дээшлүүлж олон улсад ажиллах суурьтай болж байгаа нь дамжиггүй.

"Хэрэв хөрөнгө оруулагчид ямар түвшинд ил тод тайлагнаж, мэдээлж байгааг мэдэхгүй, түүнд итгэлгүй байвал хөрөнгө өөр тийшээ урсах болно" хэмээн АНУ-ын Үнэт цаасны хорооны дарга асан Артур Левитт хэлсэн байдаг.  Манай улсад хөндлөнгийн аудитын байгууллагад худлаа тайлан мэдүүлж, дампуурлаа нуун олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй засаглалын хамгийн эхний үзүүлэлтийн жишээ бол "Анод", “Зоос” банк юм. Эдгээр банкуудын үйл ажиллагаанаас үзвэл засаглалгүй залгигчийн "дүрд" хэтэрхий автснаас мөхсөн гэдгийг эдийн засагч, судлаачид дүгнэдэг. Тэгвэл эдийн засгийг эмчилж дүгнэлт гаргадаг аудиторуудын хариуцлага чухал гэдгийг дээрх банкуудын жишээ илтгэнэ. Энэ оноос хэрэгжиж буй Аудитын тухай хуулиар тусгай зөвшөөрлийг өндөрсгөж, аудитын компанийг үүсгэн байгуулагч нь мэргэжлийн хүн байх, тухайн компанид 4 мэргэшсэн нягтлан бодогч буюу түүнээс дээш байхаар хуульчилсан нь мэргэжлийн түвшин рүү илүү дөтөлжээ. Мөн хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахаар төрийн хяналтыг сайжруулахыг тусгасан байна. Ингэснээр аудитын чанарыг нягтлах нарийн тогтолцоо бий болж буйгаас гадна мэргэжлийн бус хүн ашиг олохоор эл салбарт орох боломжийг хязгаарлаж буйгаараа онцлогтой. Аудиторуудад "хуурамч оношилгоо" тавихгүй байх нөхцлийг шинэ хууль зохицуулжээ. Энэ мэтчилэн шинэчлэлүүдтэй  зэрэгцэн өөрийгөө хөгжүүлэх, хүндэрсэн эдийн засгаа засах их үйлсэд нягтлан бодогчид, аудиторууд нэгдэн ажиллах цаг иржээ.

Б.Ариунзаяа

Связанные новости