АНУ-д халдварын тохиолдлын тоо 14 хоногт нэг саяар нэмэгдэх төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-д коронавирусний халдварын
тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байна. Халдварын улмаас нэг өдрийн дотор 1000
хүн нас бараад удаагүй байгаа энэ үед халдварын тохиолдлын тоо дөрвөн саяд
дөхөж байна.
АНУ-д халдварын
анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд илэрсэн бөгөөд түүнээс хойш 99
хоногийн дараа халдвар авсан хүний тоо нэг саяд хүрсэн байна. Харин халдварын
тохиолдлын тоо хоёр саяд хүрэхэд 43-хан хоног зарцуулагджээ.
Түүнээс хойш 28
хоногийн дараа буюу долоодугаар сарын 8-нд халдварын гурван сая дахь тохиолдол
бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр долоо хоногийн дотор халдвар авсан
хүний тоо дөрвөн саяд хүрэх төлөвтэй байна.
Жонс Хопкинсийн
нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д лхагва гаргийн оройны байдлаар 3.95
сая гаруй хүн халдвар авч, 142 мянга гаруй хүн нас баржээ. Зарим муж улсад
халдварын тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй хэмжээгээр нэмэгдэж
байгаа бөгөөд лхагва гарагт улс даяар 56649 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор
амны хаалт зүүхийг илүү олон муж улсын захирагч уриалах болж, олон арван
эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн ор дүүрч эхэлжээ. Ерөнхийлөгч Дональд
Трампын мэдээлснээр, АНУ-д 50 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Тэрбээр
Цагаан ордонд коронавирусний халдварын талаар мэдээлэл хийх үеэрээ, амны хаалт
зүүж, зайнаас харилцаж, гараа угаахыг ард иргэддээ зөвлөжээ.