Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /BBC/. Энэтхэгийн нийслэл хот агаарын бохирдол нэмэгдэж байгаатай тэмцэж буй энэ үед 2022-2024 оны хооронд Дели хотын улсын зургаан эмнэлэгт амьсгалын замын цочмог халдварт өвчний 200 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэж Засгийн газар мэдэгджээ.
Засгийн газраас парламентад өгсөн мэдээлэлд дурдсанаар, энэ гурван жилийн хугацаанд амьсгалын замын өвчтэй 30 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Агаарын бохирдол бол Дели болон түүний захын хорооллуудад, ялангуяа өвлийн улиралд байнга тулгамддаг асуудал юм.
Дели хотын агаарын чанарын индекс /AQI/ нь өнөөдрийн байдлаар олон долоо хоногийн турш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 20 дахин их байна. AQI нь уушгийг гэмтээдэг нарийн ширхэгт тоосонцор болох PM2.5 зэрэг янз бүрийн төрлийн бохирдуулагчдыг хэмждэг.
Энэхүү асуудлын цаана зөвхөн ганц шалтгаан байхгүй бөгөөд үйлдвэрлэлийн ялгарал, тээврийн хэрэгслийн утаа, мөн температур буурсан, салхины хурд бага байгаа, хөрш зэргэлдээ мужуудад улирлын чанартайгаар сүрэл шатаасан зэрэгтэй холбон тайлбарладаг.
Делигийн зургаан томоохон эмнэлэгт 2022 онд амьсгалын замын цочмог халдварын 67 054 тохиолдол, 2023 онд 69 293 тохиолдол, 2024 онд 68 411 тохиолдол тус тус бүртгэгджээ.
“Агаарын бохирдлын түвшин нэмэгдэхэд яаралтай тусламжийн
өрөөнд хэвтсэн өвчтөнүүдийн тоо мөн нэмэгдэж байгааг дүн шинжилгээ харуулсан.
Гэсэн хэдий ч энэхүү судалгааны загвар нь энэ холбоо хамаарлыг уялдаатай
болохыг баталж чадахгүй” гэж Засгийн газар мэдэгджээ.
Дели хотын агаарын чанарын дундаж индекс сүүлийн арван жилд,
ялангуяа өвлийн улиралд “ноцтой” түвшин буюу 400-гаас олон удаа давсан нь эрүүл саруул хүмүүст ч нөлөөлж, өвчтэй хүмүүст илүү ноцтой эрсдэл учруулж
болзошгүй байгаа юм.
Лхагва гаргийн өглөө “Safar”
аппликейшний мэдээлснээр, Дели хотын агаарын чанарын дундаж индекс 380 орчим байжээ.
BBC өнгөрсөн долоо хоногт Дели болон түүний захын хорооллын хэдэн эмнэлэгт
агаарын бохирдлын улмаас өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа талаар
мэдээлжээ.
Дели хотын Дээд шүүх лхагва гарагт аюултай агаарын бохирдлыг
хязгаарлах яаралтай арга хэмжээ авахыг шаардсан өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөж
байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Энэтхэгийн Дээд шүүх Дели болон түүний
ойр орчмын агаарын чанарын талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсээр иржээ.
Ulaanbaatar