Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комисс цахимаар хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын гэрээний 47 дугаар зүйлийн дагуу Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссыг 2013 онд байгуулсан.
Энэхүү хамтарсан комиссын III хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Тус хуралдааны Монголын талыг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Г.Батчимэг, Хятадын талыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Линь нар тэргүүлсэн юм.
Хуралдаанаар талууд 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын II хуралдааны протоколын хэрэгжилтийг өндрөөр үнэлж, хил орчмын нутаг дэвсгэрт хилийн дэглэм сахиулах үйл ажиллагаа, ус, хил дамнасан ой хээрийн түймэр, хилийн бүсэд хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцож, харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.