Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-19 18:40:44

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн хуулийн төслийг баталлаа. 

Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг тус бүр 2 жилээр нэмэгдүүлж, ахлагч, дунд офицер, эмэгтэй цэргийн алба хаагч 47, ахлах офицер 52, дээд офицер 57 нас хүртэл алба хаах, мөн офицерийн анхны цолыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч олгох зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг гаргасныг байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдвэрлэжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 21, найруулгын 35 саналын томьёолол гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийг Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хааж болох, ингэхдээ хугацаат цэргийн алба хаасан иргэн цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид 2 жилээр 31 нас хүртэл нь сунгаж болохоор өөрчлөн найруулахаар болов. Мөн шаардлагатай мэргэжил, албан тушаалд иргэнийг ахлагч, офицероор 5 хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт албанд элсүүлж болохоор тусгахыг дэмжив. Харин төслийн 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх хэсгийн офицерын анхны цол олгох асуудлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрхт хамааруулах саналчуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болоннайруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныөчигдрийн хуралдаанаар хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 7, найруулгын 13 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Мөн өнөөдөр Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 12-ны өргөн мэдүүлсэн “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол болон “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолд тусгасан “... хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд...” гэсэн томъёоллоос “...хоршооны гишүүн...” гэснийг хасахаар болж байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 89.6 хувийн дэмжлэгээр анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны саналаар хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын “бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал” гэснийг “бэлгийн халдашгүй байдал” гэж өөрчилж, “Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” гэсэн төслийн 22 дугаар зүйлийг хасахаар болов. Мөн төслийн “Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” гэсэн 26 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар болов. Ингэснээр цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаарх бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, эдгээр мэдээллийг хүлээн авч шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах, мөн тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм.

Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 44 нь буюу 91.7 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж баталснаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Н.Гантуяа

Связанные новости