Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалтад өнөөдөр цахимаар оролцлоо.
Уулзалтад АХАИББХ-ын гишүүн 27 улсын Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, өөрийн орны гадаад бодлого, аюулгүй байдал болон цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, цаашид Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр АХАИББХ-ыг даргалах үүргийг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад шилжүүлэв. Бүгд Найрамдах Тажикистан Улс 2018-2020 онд тус бага хурлыг даргалсан бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улс 2020-2022 онд даргална.
Жил бүр зохион байгуулдаг Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг "COVID-19" цар тахлаас сэргийлэх үүднээс анх удаа цахимаар зохион байгуулсан юм.