COVID-19-өөс эмнэлгийн ажилчдыг хамгаалах чиглэлээр видео хэлэлцүүлэг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-10-12 15:23:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдвар сурдлалын үндэсний төв, Тайванийн Үндэсний Их Сургуулийн харьяа “NTU Hospital”-тай хамтран COVID-19-өөс эмнэлгийн эмч, албан хаагчдыг хамгаалах тухай сэдвээр видео хэлэлцүүлэг энэ сарын 6-нд зохион байгуулав. 


Тус хэлэлцүүлэгт ХӨСҮТ-ийн 10 эмч, сувилагч, Тайванийн талаас NTU Hospital-ын Олон улсын эмчилгээний төвийн Гүйцэтгэх захирал Жү Жиа Юү болон тус эмнэлгийн халдвар хяналтын төвийн Захирал Чэнь И Жүнь зэрэг эмч ажилчид уг хэлэлцүүлэгт оролцож харилцан туршлага солилцсон юм.


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Амьсгалын замын өвчний мэргэшсэн эмч Б.Болисхан  эмч, албан хаагчдыг халдвар авахаас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ба тулгарч буй сорилтуудыг дурдахын зэрэгцээ, эмч, албан хаагчдын сургалт хөтөлбөр, амьсгалын аппарат, хасах даралттай өрөө болон хувийн хамгаалах хэрэгсэл (PPE) зэрэг нөөцийг сайжруулан ажиллаж байгааг онцолсон юм. Мөн түүнчлэн сүүлийн өдрүүдэд Тайваниас тусгаарлалтын бүсэд ашиглах 25,000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг Монгол Улсад хандивласан явдалд талархал илэрхийлэв.


Харин “NTU Hospital”-ын гүйцэтгэх захирал Жү Жиа Юү “Одоогоор олон улс орнууд цар тахлыг хяналтдаа авч чадсан ч олон улсын эмнэлгийн салбарт хамтын ажиллагаа, туршлага солилцох хэрэгцээ шаардлага байсаар байна. Монгол, Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай асуудлаар туршлага солилцсоноор бидний халдварын вирус болон цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдлэгийг нэмэгдүүлж чадсан. Иймд хоёр тал ирээдүйд илүү нягт хамтран ажиллаж, халдварын тархалтыг зогсоож чадна гэж найдаж байна” хэмээлээ. 


Мөн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэ үеэр үг хэлэхдээ “Тайвань, Монгол цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд буурахгүй байна. Энэ цаг үед эмнэлгийн эмч, албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тайвань дотооддоо үйлдвэрлэсэн тусгаарлалтын бүсэд ашиглах 20,000 ширхэг хамгаалалтын хувцас болон халдвар хамгааллын 5,000 ширхэг хувцсыг энэ сарын 2-нд Монгол Улсад хандивласан. Үүний өмнө 200,000 ширхэг эмнэлгийн зориулалттай амна хаалт ба халдвараас хамгаалах гуурс хатгадаг хайрцгийг мөн хандивласан. Тайвань олон жилийн турш нөхөрсөг харилцаатай улс орнууддаа эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн салбарууд дахь туршлагаа солилцон, гар нийлэн хамтран ажилласаар ирсэн” гэлээ.    


Связанные новости