Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-10 22:01:12
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” /ЭТИС/ хөтөлбөрийг Хэнтий аймагт гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.
Тус хөтөлбөр нь уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын салбаруудыг түшиглэн ЖДҮ эрхлэгчдэд ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй “Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл” байгуулсан бөгөөд тус зөвлөлийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх хоёр өдрийн сургалтыг Чингис хотод зохион байгууллаа.
Уг хөтөлбөр нь 10 аймагт хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Бизнес хөгжлийн төв” байгуулж 300 мянган еврогийн сантай “Инновацын сан”-гаас 21 төслийг бүрэн санхүүжүүлж бизнесийг нь дэмжсэн байна. Мөн Өмнөговь аймагт хоёр сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт 90 мянга, ХАА, ногоон технологийг дэмжиж 150 мянга, ЖДҮ-ийг дэмжиж 120 мянган еврогийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр санхүүжилт нь буцалтгүй гэдгээрээ бусад олон улсын хөтөлбөрөөс онцлог юм.
Хэнтий аймгийн хувьд эхний ээлжинд хог хаягдлын менежментийг боловсруулах хүсэлт тавьсан бөгөөд энэ чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар болсон байна. Сургалтад хамрагдсаны дараа төслөө боловсруулж аймгийн ИТХ-аар батлуулснаар хог хаягдлын цогц төлөвлөгөөтэй болох юм. Мөн Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болсонтой холбогдуулан аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулахаар тус тус төлөвлөжээ.
Эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үйлдвэр байгуулснаар орон нутагт ажлын байр бий болох, ЖДҮ эрхлэгчид шинэ боломжууд нээгдэнэ гэж үзэж байгаа аж.
Связанные новости