Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо.
Нийслэл хотоос 30 гаруй км зайтай буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрладаг тус Эрүүл мэндийн төв Туул тосгоны 5000-7000 гаруй иргэнд эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж.
Тус төвийн
хуучин барилга стандартын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн төсвийн
хөрөнгө оруулалтаар 2018 оноос эхлэн эмнэлгийн
зориулалт бүхий шинэ барилгын ажлыг эхлүүлжээ.
Нийт
дөрвөн давхар барилга бүхий тус эмнэлэг хэвтүүлэн эмчлэх 35 ортой бөгөөд тосгоны харьяа
оршин суугчдаас гадна Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж
үйлчилгээг үзүүлэх юм.
Цаашид
рентген аппарат болон лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, иргэдийг зөвхөн дүүргийн эмнэлэгт бус тухайн
тосгоны эмнэлэгтээ оношилгоо, шинжилгээ хийлгэх боломж ийнхүү бүрдэж байна.
Эрүүл мэндийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон юм.