АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярт 6 сая төгрөгөөр торгох ял оноов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Автотээврийн үндэсний төвийн Тээвэр
зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг
зургаан жил хүртэлх хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оноов.
Шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 13-нд
болж, шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний
хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна.
Дээрх хуулийн зүйл заалтад нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг
сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн
тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн
албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван
мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
хэмээн заасан байна.