Канадын СЕСМИМ төсөл амжилттай хэрэгжсэнийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус яамнаас тусгуулсан дэд зорилт, үйл ажиллагаа болон ирэх 4 жилд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын талаар танилцуулав. Түүнчлэн Канад улсын Засгийн газрын тусламжаар хэрэгжиж буй СЕСМИМ болон МЕРИТ төслийн талаар талууд санал солилцож СЕСМИМ төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг цохон тэмдэглэв.
Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф Канадын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслийн талаар санал, бодлоо хуваалцаж цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн тоог олшруулж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв.
Тодруулахад, “СЕСМИМ” нь Канадын ГХЯ-ны санхүүжилтээр Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэхэд хэрэгжсэн төсөл юм. Мөн тус улсаас институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах MERIT төслийг 2016-2023 он хүртэл хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд:
- Олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх,
- Эрдэс баялгийн салбарт төрийн байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн олон нийтийн бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,
- Олон нийтийн бүлгүүдэд орон нутгийг хөгжүүлэх ажилд оролцох, түүнээс үр шим хүртэхэд дэмжлэг үзүүлэх,
- Эрдэс баялгийн салбарын бодлогод жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бодлогод тусгах, хэрэгжүүлэх, дэмжих,
- Тогтвортой байдлыг хангах зорилгоор байгууллагуудыг чадавхижуулах ба мэдлэгийн портал үүсгэх юм.