Коронавирусээр халдварласан 313 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-30 12:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан 53 настай, эмэгтэй өнөөдөр эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжжээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын 340 тохиолдол бүртгэгдсэн. Тэднээс 92 хувь нь буюу 313 нь эдгэрээд байна.  Гэрийн ажиглалтад 9, сувиллын ажиглалтад 3 хүн байгаа бол 301 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.

 

ХӨСҮТ-д одоогоор 27 хүн эмчлүүлж байгаагаас 19 хүний биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр оноштой байна. 


Сүүлийн хоёр хоногт буюу энэ сарын 28, 29-нд улсын хэмжээнд нийт 1 242 хүний сорьцод шинжилгээ хийхэд  бүгд сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм. Эдгээр шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 28 хүний шинжилгээ, 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 250 хүний давтан шинжилгээ, 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 174 хүний давтан шинжилгээ, 9-ний өдөр Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, 27-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүн, 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 56 хүн, 17-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 4 хүний давтан шинжилгээ, Энхийг сахиулах ажиллагаанд явах 221 алба хаагчийн шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 26, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15, Орхон болон Дорноговь, Сэлэнгэ, Булган аймагт тусгаарлагдсан иргэд, тусгаарлан ажиглах байранд ажилласан 55 үүрэг гүйцэтгэгчийн шинжилгээ багтжээ.

Связанные новости