Словакийн хүн амын гуравны хоёрыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРАТИСЛАВ. /Reuters/. Словак улс өнгөрсөн долоо хоногийн амралтын
өдрүүдэд 5.4 сая иргэнийхээ гуравны хоёрыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулснаас 38359 хүнд буюу
1.06 хувьд халдвар илэрлээ гэж тус улсын Ерөнхий сайд Игорь Матович мэдэгдэв.
“Словакийн бүх ард түмний коронавирусний эсрэг хийж буй тэмцэлд чухал алхам боллоо” гэж И.Матович Засгийн газрын хуралдааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Словак даяар 10-65 насны 3 625 332 хүнийг шинжилгээг хамруулжээ. И.Матович шинжилгээ хийхэд оролцсон эмнэлгийн ажилтнууд, цэргүүд, цагдийгийн ажилтнууд, гал сөнөөгчид, сайн дурынхан зэрэг бүх хүнд талархал илэрхийлсэн байна.
Шинжилгээг үнэгүй
бөгөөд сайн дурын байдлаар явуулсан бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гарсан
хүмүүс тусгаарлалтад байх ёстой бол сөрөг гарсан тохиолдолд эрүүл ахуйн дүрэм
журмаа үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай ажээ. Дараагийн шатны шинжилгээг энэ
сарын 7, 8-нд хийхээр товлоод байсан боловч тухайн хугацаандаа явуулах эсэх нь хараахан
тодорхойгүй байна.
Дэлхий дахин
коронавирусний цар тахлыг хяналтад авахаар тэмцэж буй энэ үед Франц, БНХАУ,
ОХУ, Их Британи, АНУ зэрэг орон вакцин гарган авахаар шаргуу ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
цахим хуудсанд мэдээлснээр, дэлхий даяар 10 дугаар сарын 29-ний байдлаар “COVID-19”-ийн 201 вакциныг хөгжүүлж байгаагаас 45
нь эмнэлзүйн туршилтын шатандаа оржээ.