Нийгмийн хямралыг арилгахад улстөрийн шинэ хүчний үүрэг их гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-25 17:00:19

"Шинэ үеийн дуудлага" ТББ, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбооноос өнөөдөр "Шинэ үе-шинэ дүр төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг "Пума" зочид буудалд зохион байгуулав.

Зохион байгуулагчдын зүгээс Монголын нийгмийн хямралыг богино хугацаанд даван туулахад шинэ үеийн лидерүүдийн гүйцэтгэх үүрэг ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, монголынхоо онцлогт тохирсон хамгийн оновчтой хэлбэрээр улстөрийн системийн шинэчлэлийг тогтмол, эрүүл аргаар хийдэг байх нь зүйтэй гэж үзэж байна.

Улстөр судлаач Л.Баярмагнай, "Сант Марал", Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, "МЕК" компани, намууд болон их дээд сургуулиудын нийгмийн ухааны салбар сургуулиуд дээр хийсэн судалгаанаас харахад урьд урьдын сонгуулиудын өмнө намуудын чансаа нэг бол дээшилсэн, нөгөө бол унасан байдалтай байдаг байсан. Гэтэл энэ жил АН, МАН хоёр намын чансаа хоёулаа унасан байдалтай байна. Энэ нь нийгэм шинэ хүчнийг, шинэ улстөрчийг эрэлхийлэх шалтгаан болж байна" гэв.

УИХ-ын гишүүн Г.Уянгаас улстөрийн шинэ дүр төрхийн талаар ямар дүгнэлттэй байгааг тодруулахад, "Монголчуудын шинэ үзэл санаа, шинэ чиг баримжаа хайж байгаа энэ үед монголын улстөрд шинэлэлт хийх талаар судалж байгаа нь зөв зүйтэй юм. Өнгөрсөн 26 жилд монголын улстөр, нийгэм алдаатай оноотой байлаа. Бид юун дээр алдав, юун дээр онов гэдгээ дүгнэж, алдаанаасаа сургамж авч улстөрд шинэ үнэлэмж тогтоох хэрэгтэй. Өнөөдөр 40 гаруй насныхан улстөрд хүч түрэн орж ирж буй энэ үед монголын үнэт зүйл, чиг баримжаа юу байх вэ гэдгийг тодорхойлоход ач холбогдол өгөх ёстой юм" гэлээ. 

Хурлын үеэр улстөр дэх шинэ үе, шинэ дүр төрхийг нийгэм хүлээж байгаа ч харин ямар хүчин, хэн гэдэг улстөрчийг иргэд хүсэмжилж байгаа нь тодорхой бус байгаа тухай хөндөгдөж байв. Ямартай ч улстөрд шинэ үнэлэмж, шинэ хэм хэмжээ, хандлагыг төлөвшүүлэх шаардлагыг оновчтой арга замаар шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэв. Түүнчлэн өнөөгийн Сонгуулийн тухай хуулийн зарим заалт шинэ хүчин, улстөрчдөд халгаатай байгааг дурдаад дараагийн парламент засч залруулах шаардлага байна гэж үзлээ.

Б.Туул

Связанные новости