Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2025-06-22 10:37:39

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 7.00 цагт эхэллээ.


Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.

Нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санар авах хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өчигдөр авсан. Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 (97.2 хувь) сонгогч саналаа өгчээ. Санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.

Нөхөн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусах бөгөөд аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, мэдээлнэ.

Таны амьдарч буй орон нутагт нөхөн сонгууль болж байгаа бол https://election.burtgel.gov.mn холбоосоор  орж санал өгөх байрныхаа хаягийг мэдэх боломжтой.

Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Связанные новости