Зам, тээврийн салбарынхан сайдын тушаалыг хэрэгжүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос зорчигч, тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны сургуулийн хичээл, сургалт, үзвэр, үйлчилгээний үйл ажиллагааг түр зогсоох талаар гаргасан тогтоолын дагуу ЗТХ-ийн сайдаас гаргасан тушаалыг зам, тээврийн салбарынхан хэрэгжүүлж эхэллээ.
"COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэл хотоос гаргах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 11-ний өнөөдрийн 02.00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23.00 цаг хүртэл түр зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт үүрэг болгоод байгаа юм. Энэ үүргийн дагуу ЗТХ-ийн сайдын тушаал гарсан юм.
Тушаалд COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, хот хоорондын зорчигч тээврийг 11 дүгээр сарын 11-ний өнөөдрийн 02.00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23.00 цаг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангаж ажиллахыг яамны газар, хэлтэс, харьяа байгууллагын удирдлагад үүрэг болгов. Үүнд:
- Хот, хоорондын зорчигч тээврийн зорчих тасалбар урьдчилан худалдаж авсан зорчигчдын тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, эсхүл тасалбарыг дараа ашиглах боломжоор хангах, аяллын давтамж, цагийн хуваарийг урьдчилан тооцож, зорчигч тээврийн үйл ажиллагааг зохицуулахыг ИНЕГ, УБТЗ ХНН, АТҮТ-ийн удирдлагад даалгаад байна.
- Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг болон хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан зохих арга хэмжээ авч ажиллахыг мөн ИНЕГ, УБТЗ ХНН, АТҮТ-д даалгав.
- Олон улс, улсын чанартай автозамыг хаах хугацаанд автозам, замын байгууламжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг автозам хариуцсан компаниудад, хянаж ажиллахыг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-т даалгажээ.
Салбарын холбогдох байгууллагууд ИНЕГ, АТҮТ, УБТЗ ХНН сайдын тушаалыг хэрэгжүүлэн олон нийтэд урьдчилан мэдээлэн, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.