С.Ламбаа: Эмч нарт оногдуулах ялын заалтыг хөнгөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЭрүүл мэндийн сайд С.Ламбаа өнөөдрийн "Сайдын цаг" уулзалтад оролцох үеэрээ салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар танилцуулав.
Өнгөрсөн онд баталсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 80 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. Энэ нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оногдуулахаар байгаа юм. Иймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тусгасан гэдгийг салбарын сайд онцолж байв.
Мөн Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хуулийг баталсанаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм.
Улаанбурхан өвчний тархалт буурсан байна. Өнөөдрийн байдлаар өвчлөл 30 гаруй хувиар буурч, Халдвар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо зуугийн дотор орж ирсэн аж. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүүхдийн тоо 30 хүрч байсан бол өнөөдөр арав болжээ. Нэмэлт дархлаажуулалтад 531 мянган хүн хамрагдсан нь нийт вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн 83.2 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 31-ийг хүртэл сунгаж хийхээр шийдвэрлэсэн гэж сайд мэдээлэв.