Цаг агаарын үзэгдлээс шалтгаалан постын ачаалал нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт өнгөрсөн шөнөөс эхлэн нийт нутгаар цас
орж шуурч байна. Цаг агаарын энэхүү үзэгдэл маргааш өдрийг хүртэл үргэлжилж, аюулт
хэмжээнд хүрч болзошгүй байгааг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор аймгийн төв рүү
орох гэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, төв постын ачаалал ихэсжээ.
Учир нь аймгийн төвд ойрхон нутагладаг малчид, иргэд цаг агаар хүйтэрснээс үүдэн
түлээ нүүрсээ бэлтгэх, хоол хүнсээ цуглуулах зэрэг шалтгаанаар дотогш нэвтрэх
гэсэн машинууд постны гадна талд дугаарлан зогсжээ. Харин аймгийн Онцгой
комиссын шийдвэрээр замын хөдөлгөөнийг бүрэн хаасан учир нэвтрүүлэх ямар ч
боломжгүй байгаа юм. Энэ бүхнийг тайлбарлан хэлсэн ч иргэдийн хувьд эсэргүүцэн
оруулахыг шаардаж байгаа нь постод ажиллаж буй алба хаагчдад хүндрэл учруулж
байгааг хэлж байлаа.
Энэ бүх асуудлыг
аймгийн Онцгой комисс, Шуурхай штабд тогтмол мэдээлж байгаа бөгөөд хэрхэн
шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм байна.
Замын хөдөлгөөнийг бүрэн
хаасантай холбоотойгоор аймгийн хэмжээнд 70 орчим, Баруун-Урт суманд 10 гаруй
пост ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд Баруун-Урт сум руу орох болон гарах
хөдөлгөөнийг зөвхөн Баруун-Урт- Улаанбаатар чиглэлийн төв постоор нэвтрүүлж
байгаа аж.