МАХН-аас зарласан өлсгөлөн Тусгаар тогтнолын талбай руу шилжив
МОНГОЛЫН МЭДЭЭМАХН-ын нэр бүхий гишүүд өнөө өглөөний 04:00 цагаас эхлэн намынхаа байрны гадаа гэр барин нойтон өлсгөлөн зарласан. Одоо тэдгээр хүмүүс Тусгаар тогтнолын талбайд хоёр гэр барин өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.
Тус намаас өмнө нь 76 хүн өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдэж байсан. Өнөөдрийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 10 гаруй хүн өлсгөлөн зарлалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, дэд дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга, жүжигчин Ц.Төмөрбаатар нарын хүмүүс байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ, "Намайг болон дэд дарга Э.Эрдэнэжамъяныг сонгуульд оролцуулахгүй байх магадлалтай болоод байна. Тухайлбал, надад ял шийтгэлгүй гэсэн бичиг гаргаж өгөхгүй байх, түүгээрээ дамжуулан УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх бусармаг арга хэрэглэж байна. Тиймээс тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөнг сонгоод байна. Уг нь 76 хүн өлсгөлөн зарлана гэж байсан ч ганц нэг нь орон нутагт ажиллаж яваа, зарим нь эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байгаагаас 10-аад хүн эхний ээлжинд өлсгөлөнг эхлүүллээ. Цаашид энэ тоо нэмэгдэж мэднэ. Харин улс орон, айл гэрийн ихэнх ачааг үүрч яваагийн хувьд эмэгтэй гишүүдийг өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй" гэв.
Одоогоор өлсгөлөн хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Сонгуулийн бүрдэлд шаардлагатай бичиг баримт гартал үргэлжилж мэдэхээр байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал